Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан С.Энхболдыг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
С.Энхболдыг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Тодруулбал, С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Чинбүрэн гишүүн авлигын хэрэгт холбогдсон хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо хэмээн шүүмжилж үг хэлсэн юм. Тодруулбал "АТГ дээр яллагдагчаар татагдаж байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу, УИХ-ын дарга аа. Мөнгөний авдрыг сахиад суух хүнийг ингээд тавьж байна гэдэг ямар учиртай юм бэ" хэмээн бухимдан үг хэлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.