УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж болон ЭЗБХ-ны гишүүд 2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын үйл ажиллагаатай танилцжээ.
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал тэргүүтэй компанийн удирдлагууд хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагаа болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг танилцуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай эхэлснээс хойш 155 сая тонн нүүрс олборлоод байгаа бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайн уулын ажлыг өөрийн техникээр эхлүүлсэн нь нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдсэн. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажил хийгдэж, 2024 онд 105 мянган тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэрлэсэн коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсээ биржээр борлуулж эхлээд байна.
2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөж, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг УИХ, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон албаны хүмүүст танилцууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.