Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж малчид малаа даатгуулсан бол нөхөн олговроо бүрэн авдаг хуулийн өөрчлөлтийг тусгах шаардлагатайг онцоллоо.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:
-Анх энэ хуулийг Н.Алтанхуяг сайд гаргаж ирж байсан. Зорилго нь 5-6 хувь хүртлэхийг малчин өөрөө, 30 хүртлэх хувь бол даатгалын компани, 30-аас дээш хувийн эрсдлийг төр хариуцна гэж байсан. Арван жилийн зайтай нэмэлт өөрчлөлт орж байгаа хууль. Хуульд 2014 онд нэмэлт өөрчлөлт орсон. Зудын давтамж ойролцоогоор 10 орчим жилийн зайтай яваад байна. Өнгөрсөн онд 10 сая мал хорогдсон. Нийт 6.2 тэрбум төгрөгийн хохирлыг малчдад олгосон. Малчид өөрсдөө гурван тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэж байгаа юм.
Миний нэг санал байна. Хуульд тусгасан байсан 6 хувь, 30 хүртэлх хувь гэснийг байхгүй болгож байгаа ч Давхар даатгалын компанийн саналыг харгалзан нөхөн олговор тогтоохоор хуульчилж байгаа нь асуудалд хүний үзэмжээр шийдэх магадлал өндөр байна. Энэ дээр журам гарч таарна. Зарчмын хувьд компани үнэлгээгээ тогтоож байгаа бол улс оролцохгүй байх боломжтой. Хамгийн гол нь малчин хүн малаа даатгуулсан бол бодит хохирлоо авах хэрэгтэй. Малчид даатгуулсан ч эргээд нөхөн олговор авах тал дээр малчид сэтгэл ханамжгүй үлддэг. Тиймээс энэ асуудалд анхаарч, малчин хүн даатгалынхаа нөхөн олговрыг бүрэн авдаг байх өөрчлөлтийг хуульд тусгах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.