Ахмадын үндэсний чуулган өнөөдөр боллоо. Тус чуулганаар ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцсэн юм. Ахмадын үндэсний чуулган болон ахмадын асрамж сувилахуйн төвийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Миний бие УИХ дахь ахмад настныг дэмжих лобби бүлгийг байгуулах санаачилга гаргаад, гишүүд маань дэмжээд явж байна. 2024 оны зургаадугаар сард Ахмад настны тухай хууль шинэчилсэн найруулга батлагдсан. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэж, тэднийхээ үгийг сонсъё гэж өнөөдрийн үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Олон ахмад маань хүрэлцэн ирж, санал бодлоо солилцлоо.
Миний хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ахмадын асрамжийн, ахмадын сувилахуйн асуудалд ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд судалгаа шинжилгээний ажлаа хийсэн.
Түүнчлэн УИХ-ын дэргэд байгаа судалгааны хүрээлэнгээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ахмадын асрамжийн газруудын нөхцөл байдал хийгээд дэлхийн жишгийг судлуулсан.
Одоо манай улсад ахмадууд маань асрамжийн газар очъё гэхэд шаардлага тавьдаг. Шаардлага нь өндөр. Тэрхүү өндөр шаардлагыг хангасан ахмадууд асрамжийн газар очдог. Асрамжийн газар очих хүсэлтээ илэрхийлсэн ахмадууд бүрийг хамруулах асрамж, сувилахуйн төвийг олноор нээх шаардлагатай байна.
Шинэчилсэн хуулиар төр хувийн хэвшлийн түншлэлээр асрамжийн газар барих боломжтой гэж зааж өгсөн байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд юу дутагдаж байна вэ? Төр хувийн хэвшлийн түншлэлийг хангасан асрамжийн газруудыг шинээр бий болгох боломж нь хаана байна вэ гэдэг дээр судалгаагаа хийгээд 2026 оны төсөвт нарийвчлан суулгуулах саналаа хүргүүлж байна.
Ахмадын үндэсний чуулганаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг ахмадууд маань олноор илэрхийлж байна.
Түүнчлэн, ахмадууд ганцаардаж, нийгмийн харилцаанд орох нь тэдний тулгамдсан асуудал болж байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхэд дорвитой алхам, санал санаачилга гарган ажиллах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажил хийх сонирхолтой мэргэжилдээ эзэн болсон ахмадыг ажил олгож байх