Төв аймгийн Засаг даргын тамгын газраас тамхи импортлогч аж ахуй нэгжүүдэд хандаж албан мэдэгдэл гаргасан байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд электрон тамхи татахыг бүрэн хоригложээ.
Албан мэдэгдэлд "Аймгийн Засаг даргын 2024 оны А/776 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 27 суманд Тамхины хяналтын тухай хулийн болон аймгийн Засаг даргын 2023 оны «Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" А/312 дугаар захирамжийн хэрэгжилтийн явцад хяналт шалтгалт хийхэд хууль, тогтоомж зөрчиж тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгосон зарим дэлгүүрүүдэд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлээд байна.
Эцэг, эх асран хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас вэйп буюу электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох талаар удаа дараа хүсэлт гаргасан тул аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон сүпер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, вэйп буюу электрон тамхи түний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.