Амьдралынхаа 30 жил тасралтгүй донор хийж, 242 удаа 720 хүний амь аврах хэмжээний цус хандивласан Монгол Улсын анхны Топ донор эмэгтэй Д.Эрдэнэчулуунтай ярилцлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн харьяат бөгөөд 18 наснаасаа донор болж өдийг хүртэл цусаа хандивласаар байна. Нэг удаагийн цус өгөлтөөрөө гурван хүний амь авардаг Д.Эрдэнэчулуун "Одоо та болно оо" гэж хэлтэл нь цусаа хандивласаар байх болно. Хүнд амьдрал бэлэглэх нь миний бахархал хэмээлээ.
Топ донор Д.Эрдэнэчулуун:
-Намайг Даваагийн Эрдэнэчулуун гэдэг. 1974 онд төрсөн. Одоо 50 нас хүрч байна. Нөхөр, охины хамт амьдардаг. Хамгийн анх 1995 онд цусаа бэлэглэж эхэлсэн. 18 насандаа эмнэлэгт ажилладаг байхад донор олдохгүй өөрөө шууд донор болж байсан даа. Одоо бараг 30 жил цусаа өгч байна. Нэг удаагийн цус өгөлтдөө гурван хүний амь авардаг. Би одоогоор 242 удаа цусаа өгсөн. Энэ нь 720 хүний амь аварсан гэж тооцогддог. Сүүлийн үед дандаа элэгний хагалгаанд эсээ өгч байгаа. Элэгний хагалгаа хийхэд заавал эс байх шаардлагатай. Хөдөө донорууд нэрээрээ цусаа өгдөг болохоор бүгд мэддэг. Тэгээд л “Баярлалаа” гэсэн талархал маш их ирдэг байсан. Хотод кодоор өгдөг болохоор мэдэхгүй л дээ. Гэхдээ л миний цусыг гурван хүнд хийж байгаа гэсэн ойлголт мөнхийн байдаг. Донороос хэдэн нас хүртэл нь цус авах ёстой тэр хүртэл өгье л гэж боддог.
Манай ээж анх намайг цусаа өгөхөд дургүй байсан. Өөрөө эмнэлэгт эмч байсан учир “Цус багадалтад ордог юм аа. Яах гээд байгаа юм” гээд өгүүлдэггүй байсан юм. Тэгээд л нууцаар өгчихдөг байсан. 1998 онд Говь-Алтай аймагт Хүндэт донор болж байсан. Хүндэт донор гэдгийг ээж мэддэггүй байсан. Хотод ирээд цусаа өгөөд Алтан донор болоод зурагтаар гарсан чинь манай ээж над руу залгаад “Чи одоо хүртэл өгдөг юм уу” гээд. “Өгдөг шүү дээ” гэсэн чинь “За хаашдаа өгөөд сурсан юм чинь одоо би чамайг хориод яах вэ дээ. Бүр ийм их өгөөд мундаг болсон юм уу” гээд ярьж байсан. Намайг Алтан донор болсноос хойш манай дүү нар цусаа өгч эхэлсэн. Охин бас донор.
Би Алтан донор тэмдэгээр шагнагдах өдөр манай нөхөр надад цэцэг авчирч өгсөн байхгүй юу. Тэгсэн цаад буланд очиж суугаад цэцгээ өгдөггүй ээ. “Чи яачих ваа” гээд гарж ирээд хэлтэл “Монголын хамгийн анхны топ донор эмэгтэй” гээд зарлахад аймар омогшсон гэсэн. Цэцэгээ өгч чадахгүй суугаад л байж.
Алтан донор болохын өмнө осолд ороод, толгойндоо гэмтэл авч, цус алдаад эмнэлэгт очсон. Тэгээд “Та чинь донор юм байна шүү дээ. Эмнэлэгт ажилладаг сувилагч мэргэжилтэй юм байна шүү дээ. Ямар мундаг юм. Донор болохоор цус их алдсан ч гэсэн та зүгээр байгаа байхгүй юу” гээд. Тэгээд гуравхан хоногийн дараа оёдол эдгэтэл “Та ёстой аймар сайн биетэй юм аа. Олон хүний амь авраад танд эргээд буян нь ирж байхгүй юу” гээд л эмнэлгийн ажилчид хэлэхэд надад их л сайхан санагдаж билээ.
Хамгийн гоё нь хүний амь авраад өөрөөрөө аягүй их бахархдаг. Яалт ч гүй хүүхэд, ах дүүсээ бөөрний дутагдалд орвол би өгье гэж боддог. Тэртээ тэргүй би хоёр бөөртэй, нэг бөөрөөрөө амьдрах юм чинь. Тийм бодол бол төрж байсан. Яалт ч гүй тохиолдол гарвал элгээ ч өгөх байх аа. Одоохондоо тийм тулсан асуудал гараагүй байгаа болохоос хөндлөнгийн хүн ч гэсэн гуйвал би үзнэ ээ. Таарч магадгүй гэж бодоод.
Надад өөрт хүнд тусалж болох мөнгө ч юм уу, ажил хийгээд тусалж чадах чадвар байхгүй ч гэсэн би цусаа өгөөд хүний амь аварч байгаадаа баярладаг. Яагаад гэвэл бахархах зүйл надад байгаа. Би халуун цусаараа тэр хүний амийг авраад л. Тэр хүн өнөөдөр өвдөж байгаа ч гэсэн маргааш эдгээд босоод ирнэ гэдэг чинь тэр хүнд, гэрийнхэнд нь, ах дүүсд нь амьдрал бэлэглэж байгаа гэсэн үг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Baharhmaar mundag emegtei . Mundag umaa . Biye sain bodooroi . Saihan buhniig huseye