-Оюуны спортын олимпын болон дэлхийн аварга, Олон улсын их мастер Энхжаргалын Үүрийнцолмонтой ярилцлаа. Тэрээр Монгол Улсын 2024 оны шилдэг хүүхдээр шалгарчээ.
Оюуны спортын Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон:
-Намайг Энхжаргалын Үүрийнцолмон гэдэг. Одоо 14 настай. Монголын оюун ухааны академийн Дархан салбарын тамирчин. “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 9-6 ангийн сурагч. Ой тогтоолтын спортын тамирчин.
Ой тогтоолтын спортоор хичээллэж, тамирчин болоод гурван жил болж байна. 2022 оноос эхлээд тэмцээндээ оролцоод явсан. 2022 оны бага насны улсын болон дэлхийн аварга. 2023 оны өсвөрийн хамгийн залуу дэлхийн аварга. 2024 оны өсвөрийн болон насанд хүрэгчдийн улсын аварга, дэлхийн аварга. Олимпын хамгийн залуу аварга. Олимпын хамгийн залуу рекорд эзэмшигч. Дэлхийн 6 рекорд эзэмшигч. Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын их мастер.
Би Монголын оюун ухааны академид цэцэрлэгээсээ орж ирсэн. Манай цэцэрлэгийн ангийнхан ангиараа спорт төрөлд сурдаг байсан. Энэ жил зохиогдсон оюуны олимпод болохоор хоёртын тоолол төрөл дээр дэлхий рекорд шинэчлээд тэр рекорд маань Гиннесийн номд бичигдэж, олимпын аварга гэдэг цолыг авсан. Хоёр дахь төрөл нь болохоор 15 минутын тооны марафон. Тус төрөл дээр 1168 цифрийг алдаагүй цээжилж санаад 1-р байранд ороод олимпын аварга гэдэг цолыг авсан.
Хоёртын тоолол төрөлд Гиннесийн номд бичигдэх рекорд эвдсэн. Тэр төрөл нь болохоор 0, 1 гэсэн цифрүүдийг нэг мөрөндөө 30 цифр, доошоо 25 мөртэй. Таван фэйж өгөгддөг. Цээжлэх хугацаа таван минут. Санах хугацаа 20 минут. Таван минутад өөрийн сайнаар чадахаа цээжлээд, санах хугацаандаа санаад. Ингээд би 1650 хавьцаа цээжлээд нийт 1599 оноо аваад энэ нь Геннесийн номонд бичигдсэн.
Хичээл дээр бол байнга хэрэг болдог. Би тэмцээнд оролцохдоо урт хугацааны чөлөө авдаг. Дэлхийн аваргын бэлтгэлийг бид нар 14 хоног кемпэд гарч хийдэг. Үргэлжлүүлээд тэмцээндээ явахдаа 2-3 сар хүртэлх урт хугацааны чөлөө аваад бэлтгэлээ хийдэг. Тэгэхээр хичээлийн хоцрогдол гэдэг асуудал хэрвээ ой тогтоолын тамирчин биш байсан бол магадгүй үүсэх байсан байх. Хоёр гурван сарын хичээл байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хичээлийг нэг өдрийн дотор ч юм уу цээжлэхэд ямар ч асуудал байхгүй гэсэн үг. Яг энэ аргаа ашиглаад.
Миний онцлог гэвэл би өөрийнхөө сэтгэлзүйтэй сайн ажилладаг гэх юм уу. Угаасаа ой тогтоолтын тамирчид маань сэтгэлзүйгээ л удирдаж чадах юм бол бүгдээрээ чадах байхгүй юу. Яг тэр тэмцээн дээр хэн сэтгэлзүйгээ удирдаж чадна, хэн сэтгэлзүйгээ даруу байлгаж чадна, савлуулахгүй унахгүй. Бэлтгэл хийхэд ямар байдаг билээ, түүнд нь байлгаж чадсан нь л тэмцээний аваргаа авдаг гэж хэлж болно. Тийм болохоор би өөрийнхөө сэтгэлзүйг аягүй сайн удирдаж чаддаг гэж боддог.
Ой тогтоолтоор дэлхийд гарчихсан тамирчдыг казинод орохыг бүр хориглочихдог. Казино чинь 13, покер энэ тэр тоглодог шүү дээ. Тэгэхээр тэднийг бүгдийг нь цээжилчих боломжтой учраас биднийг ямартай ч оруулдаггүй. Хөзөр тоглож байхад давуу талууд байдаг. Гэхдээ би угаасаа хөзөр тоглохдоо сайн байх. Намайг бага байхаас л хөзөр тоглуулдаг байсан. Монголчууд угаасаа ой тогтоолтоор дэлхийд сайн чансаатай. Дэлхийд нэгт байдаг. Нэг, хоёрт Хятадтай ээлжлээд явдаг. Миний бодлоор бас генд байдаг байх. Арга барилыг төгс болгох гэж хичээсэн манай дээд үеийн тамирчид, багш дасгалжуулагч нарын сайных гэж боддог.
Тэмцээн бүрийн өмнө сандрал бол байдаг. Би түрүүн хэлсэн, сэтгэл зүйгээ хэн удирдаж чадна тэр нь тэмцээн дээр аваргаа авдаг гэж. Ой тогтоолтын спорт нь сэтгэлзүйтэй шууд хамааралтай спорт. Тийм болохоор миний сэтгэлзүйг үргэлж тайван байлгах гэж миний бэлтгэлийг тайван хийлгэх гэж манай гэр бүлийнхэн аягүй их хичээдэг. Түүнээс гадна ямар үед дэмжиж хурцлахаа мэддэг багш нар маань байна. Миний өөрийн хичээл зүтгэл байдаг. Энэ бүх зүйл нийлээд миний амжилт үүсдэг гэж хэлж болно.
Хэрвээ чамд оюуны спорт хэрэгтэй л гэж бодож байвал, өөрийгөө чадна гэж бодож байвал зүгээр л орж ирээд үзэх хэрэгтэй. Эргэлзэх хэрэггүй. Хэрвээ орж ирэх юм бол харамсахгүй байх гэж бодож байна. 2025 ондоо амжилттай байгаарай. Зорилгодоо хүрээрэй. Шинэ оноо сайхан гаргаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.