УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
- Хамтарсан Засгийн газар өнөөдөр цаг үеэ олсон түүхэн шийдвэр гаргах асуудлыг УИХ-аар оруулж ирж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудалд өнөөдөр орж ирж байгаад баяртай байна. Энэ хил холболтын төмөр зам үе үеийн Засгийн газрын тэргүүн, улс төрчид, бизнес эрхлэгчдиН хувийн эрх ашгаас үүдэж арав гаруй жил урагшлаагүй.
Улсын хөгжлийг дэд бүтэц тэр дундаа авто зам, төмөр замаар тодорхойлдог. Хилийн хоёр тосгон өдөр шөнө шиг ялгаатай байна лээ. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд энэ төслийг гүйцэтгэх үүрэг маш их.
Хятад улсын түүхий нүүрс хэрэглэх эрэлт хэрэгцээ нь буурч байна. 2060 онд түүхий нүүрсний нийлүүлэлтийг багасгах юм бол бидэнд ямар гарц байх вэ?
Энэ төсөл эхэлсэн тохиолдолд бусад боомт ашиглалтад орох эхлэл тавигдана. Иймд энэ төсөл хэрэгжиж, уул уурхайгаас олох ашиг маань нэмэгдэж иргэдийн амьдралд нөлөөлөөсэй гэж хүсэж байна. Энэ тогтоолын төслийг УИХ-ын гишүүд маань дэмжээсэй гэж хүсэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт орж ирнэ. ДНБ-ээ хоёр дахин нэмэх, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.доллар давуулах гэсэн зорилтот хүрэхэд Гашуунсухайт-Ганц мод төмөр замын боомтын хил холболт шууд нөлөө үзүүлнэ. Энэ төмөр зам явсны дараа дараагийн төмөр замыг хил холболтыг үе шаттай холбоно. Урд хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх төслүүд дээр ахиц гарснаар үр ашгийн хувьд ашигтай. Гэрээ учраас хоёр талаас саналуудаа тавиад харилцан тохиролцсон зүйлүүдээ нэгтгээд явж байна.
Хятадын талаас “Эрдэнэс Тавантолгой” компанид хувь эзэмшихгүй, эзэмшиж байгаа лицензийг эзэмших гэдэг санал тавихгүй, алдагдсан боломжийн өртгийг нэхэх асуудал тавихгүй, өргөн нарийн цариг тавихгүй гэдэг буулт хийсэн.
Хятадын төрийн өмчит компаниудад Тавантолгойн нүүрсээ зарж байгаа үнэ байгаа. Энэ үнийн аргачлалыг жишиг болгож өгөөч гэж санал тавьсан. Амны үнэ, биржийн үнэ хоёр хол зөрүүтэй байна гэж хүмүүс яриад байгаа. Биржийн үнэ бол борлуулагдаад хил хүртэлх хүргэх тээврийн зардал орсон үнэ байдаг. “Чалько”-гийн үнэ бол амны үнэ байгаа.
Өнөөдрийн нүүрсний өртөг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1 мкуб нүүрс олборлолтын өртөг нь 14 мянган төгрөг байгаа.
2025-2029 оны хооронд 5 жилийн хугацаанд 27 сая тонн нүүрс худалдахаар ярьж байна. 2030 оноос эхлээд жил бүр 20 сая тонн нүүрс худалдана. Экспортын орлого эхний таван жилдээ жил болгон ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ, 2030 оноос 11 тэрбум ам.доллараас дээш хэмжээгээр нэмэгдээд явна.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Бид урд хөрштэй төмөр замын нарийн, өргөн цариг гэж олон жил маргасан. Удаан хугацаанд хэлэлцээд тохиролцож чадсан. Манай өргөн цариг Ганцмод руу орж ачаагаа буулгана. Задгай вагоноо хөмрөх байдлаар буулгана. Нарийн царигаар орж ирж байгаа зам дээр бол чингэлгээр нүүрсээ ачна. Чингэлэгтэй хэмжээ 20 сая тонн байхаар тохирсон. Хоёр талдаа хүндэтгэлтэйгээр хандана гэдэгт санал нийлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.