СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-12-24

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд үе үеийн музейн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачид болон салбарынхан цуглаж өнгөрсөн 100 жилийн амжилт, ололт, алдаа дутагдлаа эргэцүүлжээ.

Хүндэтгэлийн хуралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээлээ. Тэрбээр “100 жилийн өмнө музей хэмээх байгууллага Монгол Улсад үүсч, соён гэгээрэлд үнэтэй хувь нэмэр оруулж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш үндэсний үнэт өвийг цуглуулах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах үүргийг биелүүлсээр өнөөдөртэй золгож байна. Анх сүмийн барилгаас эхэлсэн музейн салбар 40 гаруй барилгатай болж, 336 мянга гаруй үзмэр, 1200 гаруй ажилтантай болж хөгжсөн нь үе үеийн музейчдийн зүтгэлийн үр дүн юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид Музейн тухай анхдагч хуулийг батлуулж, 16 хүртэлх насны хүүхэд музейгээр үнэ төлбөргүй, хөгжлийн ялгаатай иргэд, ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Үүнээс гадна жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт иргэдийг музейн үйл ажиллагаанд үнэ, төлбөргүй хамруулах “Музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж хэвшлээ. Мөн музейн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейн хамгаалалт, аюулгүй байдлын системийг бүрэн шинэчиллээ.

Музейн салбарын ажилтан, албан хаагчдын тоо 2019 онтой харьцуулахад 12.5 хувиар өслөө.

Чингис хаан Үндэсний музейг National Geographic агентлаг 2024 онд заавал үзэх музейн нэгээр нэрлэсэн бол Францын Historia сэтгүүл “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2023 оны шилдэг үзэсгэлэнгээр шалгаруулсан. Цаашид Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Археологи, угсаатны зүйн музейг ашиглалтад оруулж, музейг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд хөгжүүлэхээр зорьж байна. Монгол үндэстний үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, судлан шинжлэх үйлсэд амжилт хүсье” хэмээв.

100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд улс орон нутаг, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс хуран цуглав. Үүний араас Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар “Монголын музейн 100 жил шинжлэх ухааны оролцоо”, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн “Музейн хөгжил: Бодлого ба чиг хандлага” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.