Нэвтрүүлэг бүтнээр нь үзэх линк
Сарын өмнө арав дахь хүүхдээ өлгийдөж аваад буй алдарт эх Ш.Наранбулагтай ярилцлаа. Багаасаа өнөр өтгөн гэр бүл мөрөөдөж ирсэн тэрбээр мөрөөдлөө биелүүлж, жаргалдаа умбаж яваа нэгэн аж. Том охин нь өнгөрсөн зун амаржсанаар 40 насандаа эмээ болжээ.
“Хэдий арван хүүхдийн ээж ч гэлээ бие маань улам залуужиж байна. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж анхаардаг байх хэрэгтэй. Огт илүүдэл жин нэмэхгүй төрж болдог” хэмээн ярих түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү
Арван хүүхдийн ээж, алдарт эхийн 1, 2 дугаар одонт, бодибилдингийн тамирчин Ш.Наранбулаг:
-Намайг Ширчинжунайн Наранбулаг гэдэг. Алдарт эхийн 1, 2 дугаар одонтой. Сарын өмнө арав дахь хүүхдээ өлгийдөж авсан. Одоо 40 нас хүрч байна. Ам бүл арвуулаа амьдардаг. Анхны хүүхдээ 20 настайдаа өлгийдөж авч байлаа. Одоо охин маань 20 настай. Долоон сарын өмнө ээжийгээ эмээ болгосон. Маш сайхан үйл явдал болж, гоё мэдрэмжийг авсан. Миний үр удам үргэлжлээд явж байгаад маш их баяртай байна. Үнэхээр царайлаг зээ хүүтэй болсон. “Эмээгийн хүү” гээд дуудахад эвгүй байсан. Одоо гэхдээ дасчихсан.
Хамгийн бага маань нэг сартай. Ах нь ой гурван сартай. Ой гурван сартай хүүхэд маань жинхэнэ баацагнаад ээж рүүгээ гүйнэ шүү дээ. Тэгээд тав, долоо, ес, 11, 13 настай гэх мэтчилэн жил дараалсан долоон охин, гурван хүүтэй.
Олон хүүхэдтэй болох нь миний багийн мөрөөдөл байсан. Би өөрөө эхээс хоёулхнаа. Дээрээ ганцхан ахтай учир их ганцаардаж өссөн. Тийм учраас олуулаа байхыг хүсдэг. Олон хүүхэдтэй айлаас маш их мотиваци авдаг байсан. Олуулаа байвал аз жаргалтай амьдрах юм байна гэдгийг олж харсан. Үнэхээр л амьдрал дээр тийм байна. Биеэрээ үзээд явж байна.
Миний хувьд хүүхэд гаргахыг хэцүү ажил гэж ер боддоггүй. Хөнгөн талаас нь юмыг сэтгэж харах дуртай хүн. Сайхан талаас нь гэх юм уу. Хэцүүгээс илүү амархан талыг нь олж хараад явчихвал илүү амар санагддаг. Нөхөр бол мэдээж хэрэг халамжтай, түшиг тулгууртай. Тийм учраас өдий зэрэгтэй явж байна.
Төрөх өдрөө хүртэл ажлаа хийдэг. Төрчихөөд, эмнэлэгтээ нэг хоноод гэртээ нэг хоноод шууд ажилдаа орчихдог. Гэрт ер нь сууж үзээгүй. Өөрийн үндсэн ажил бол хувиараа бизнес эрхлэгч. Сүлжээний бизнес 18 жил хийж байна. Гурван жилийн өмнөөс фитнесээр хичээллээд тэмцээн уралдаанд ч оролцдог болсон. Одоо өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ хүмүүст хуваалцаад, хувийн багш хийдэг.
Хамгийн дээд жин 65кг-аас 44кг болтлоо өөх массаа хаяж эхний тэмцээндээ орж байлаа. Миний хувьд нийтдээ дөрвөн тэмцээнд орсон байдаг. Улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Хотын аваргын тэмцээнд дөрөв болон зургаадугаар байранд орж байсан.
Сая арав дахь хүүхэд дээрээ 58 кг-тай жирэмсэн болоод 61 кг-тай төрөөд, одоо буцаад 58 кг-тай сууж байна. Тэгээд яг идэх дуршилтай үедээ л хүн зөв юмаа сонгоод идчихмээр байгаа юм. Өөх нэмэх юм идээд байвал өөх маань нэмэгдэнэ. Өөх нэмэхгүй юм идээд байвал өөх нэмэгдэхгүй. Хүүхдээ хооллоод өөрийнхөө биеийг эрдэстэй хоолоор хооллоод явж байгаа гэсэн үг. Хөхөнд сүү оруулах гээд хүмүүс печень, гурилан идэх юм идээд байдаг. Тэр хамгийн буруу байдаг. Гурил бол хөхний сүү оруулагч бүтээгдэхүүн биш. Гурил бол ерөнхийдөө өөхний тэжээл. Хүний бие рүү орохоороо сахар болж задардаг. Сахар маань өөхийг тэжээгээд байдаг. Өөхийг л өсгөх зориулалтын бүтээгдэхүүн. Гурилд хүний биед хэрэгтэй юм бараг л байхгүй. Тэгэхээр гурилыг хориход хүний жин маш эрчимтэй бууж эхэлдэг. Тэгэхээр гурил бол нээх өөдтэй эд биш. Хөхөндөө сүү оруулах гээд идээд л бондойгоод байдаг. Тэр хамгийн буруу.
-Танд дахиад хүүхэд төрүүлэх төлөвлөгөө байгаа юу?
-Яг төлөвлөхгүйгээр л болчихоод байдаг. Дасгал сургуулилт сайн хийдэг болохоор хурдан жирэмсэн болдог байх. Төлөвлөөгүй байхад л болчихдог. Боллоо бол ямар ч байсан гаргах нь тодорхой гээд л гаргадаг. Одоо яг “болчихлоо” гэхээр болоогүй дахиад жирэмсэн болсон байдаг. Тэгэхээр бас амлаж болохгүй юм шиг байгаа юм.
Миний хувьд анхны хүүхдээ гаргаснаас эхлээд өнөөдөр арав дахь хүүхдээ төрүүлэх амьдралын замналд би юугаа ч хаяагүй гэж боддог. Амьдрал, ажил, гэр бүлээ бүх юмаа давхар чирээд л явдаг. Гэрт сууж үзээгүй гэдэг маань өөрийгөө хаяагүй ээ л гэсэн үг. Олон дунд бужигнаад гүйхдээ гүйгээд, явахдаа яваад ажлаа амжуулаад явчихдаг.
Эмэгтэй хүн өөр өөртөө маш сайн анхаардаг. Өөр өөрийгөө хөгжүүлдэг л байгаасай гэж боддог. Эмэгтэй хүн сул дорой байхыг байж боломгүй л гэж боддог. Сул дорой эмэгтэйг л хүмүүс дээрэлхэх, ад үзэх, ямар нэгэн нийгмийн муу зүйл тохиолдох гээд байдаг. Өөрөө тийм байхыг хүсдэггүй учраас эрч хүчтэй, зоригтой бүхнийг даван туулах чадвартай. Өөрийгөө зоригжуулж, хөгжүүлэх маш их дуртай.
Амьдралын юунаас таашаал авдаг вэ гэвэл өөрөөсөө л авдаг. Өөрөө гоё байгаадаа. Өөрийнхөө хумс, нүүр, бие хаагаа харж гэдэг ч юм уу. Өөрөөсөө таашаал авна.
Хоёрдугаарт, үр хүүхэдтэй байгаа минь миний аз жаргал. Үр хүүхдүүдээ харах нь хамгийн аз жаргал.
-Орой гэртээ орохоор ямар мэдрэмж төрдөг вэ?
-Орой хүүхдүүд “Ээж ээ, ээж ээ” гээд л бүчээд авна шүү дээ. Тэгээд л “Ээжийн хөл нь, гар нь чилж байна уу. Толгой нь өвдөж байна уу” гээд л бүгдээрээ жижигхэн жижигхэн гараараа бариад л. Тэгээд л хамаг ядаргаа, бухимдал бүх л юм байхгүй болоод л аз жаргалд л умбана даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.