Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу өнөөдөр /2024.12.12/-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газраас Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран Амгалан худалдааны төвд Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт, зөвлөмж өгч ажиллажээ.
Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төвүүдэд борлуулж байгаа мал, амьтны гаралтай түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангууны холбогдох стандартыг шалгах юм. Түүнчлэн "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгах, холбогдох баримт бичгийг хянаж ажиллажээ.
Мөн Зах, худалдааны төвүүдийн дотоод хяналтын лабораторийн итгэмжлэл, түүхий маханд хийж буй шинжилгээний явц, үр дүнг хянажээ. Мөн худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулах, шинжилгээний дүнгийн дагуу холбогдох шийдвэрийг гаргажээ.
Махны худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлт нь холбогдох хууль, дүрэм журам, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгалт явуулсан байна. Цаашид ч хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.