“Монголын зэс корпораци” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас авчирснаас хойш найман жилийн нүүр үзэж байна. Өөрөөр хэлбэл, тус компани Монгол Улсын Засгийн газартай найман жил шүүхдэлцэж байгаа юм. Засгийн газрын тэргүүн “худалдан авах ажиллагааг хууль зөрчин зохион байгуулсан” гэдэг байр суурин дээр хатуу зогссоор байгаа юм.
Энэхүү маргаан эцэслэн шийдэгдэх шатандаа оржээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг томилжээ. Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар багтсан байна. Өнгөрсөн хугацаанд Сангийн сайд Б.Жавхлан тус ажлын хэсгийг ахалж, хоёр удаагийн хэлцлээр “Монголын Зэс Корпораци”-д тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлсөн юм байна. Энэ нь хэлцэл нааштайгаар шийдвэрлэгдэхэд томоохон түлхэц болсон бололтой.
Тус ажлын хэсэг нь мөн Оюутолгой ХХК-тай холбоотой үүссэн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй аж. Монгол Улсын Засгийн газрын алсын санаа нь 2025 оны гуравдугаар сард Канад улсын Торонто хотноо болох PDAC форумын үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг дуусгавар болсныг зарлах юм байна. “Монголын зэс корпораци”-тай үүссэн маргаан шийдвэрлэгдсэн хэмээх мессеж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гэж Засгийн газрын тэргүүн найдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улсын мөнгөөр авчихсан юманд юуны нөхөн төлбөр төлдөг юм