Хүн барьцаалж, их хэмжээний мөнгө нэхэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт ял шийтгүүлсэн “Сэлэнгийн” хэмээх У.Баатаржав нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд тэднийг хүн хулгайлсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд хөрөнгө дээрэмдсэн, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн гэм буруутайд тооцсон юм.
Улмаар У.Баатаржавд дөрвөн жил долоон сарын хугацаагаар хорих, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Шүүгдэгч Н.Наранбаатарт дөрвөн жил нэг сар, М.Отгонсүхэд дөрвөн жил хоёр сар хорих ял шийтгэж, тус бүрийг нь дээрх хэмжээний төгрөгөөр торгохоор болсныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцсэн энэ гурван шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан аж.
УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд ажиллаж байсан, “Симба” хэмээх нэрээр нь зарим хүн мэдэх Ц.Батааг өнгөрсөн оны наймдугаар сард барьцаалж, машиныг нь хулгайлан, их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн хэрэгт дээрх гурван хүн холбогдсон юм. Тэд Ц.Батаагийн Хан-Уул дүүрэг дэх гэрт нь орж, биед нь халдаж, барьцаалан “Ланд круйзер” машинд нь суулган авч яваад Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон байдаг. Улмаар 98.5 сая төгрөг дээрэмдсэн нь цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон. НПГ-аас У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт Эрүүгийн хуулийн 13.2-2.3, 13.4-4.1, 13.6-2, 17.2-3.3 дахь хэсгийн хүн хулгайлах, хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Мөн У.Баатаржавт дээрх зүйл заалтаас гадна их хэмжээний хуурамч ам.доллар хадгалж байсан үйлдэлд нь эл хуулийн 18.7-гийн “Мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж ашигласан”, 20.4-ийн “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс У.Баатаржавын гэртээ хадгалж байсан хуурамч ам.доллартой холбоотой үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан.
Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс У.Баатаржав нарт ял оноохдоо гэм бурууд нь тохирсон хүндрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх гурван хүнд оноосон ял хөнгөдсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуурамч доллар хадгалсан нь гэмт хэргийн шинжгүй гэнэ үү, юу гэсэн үг юм бол