Монгол Улс ОХУ, Казахстан, Беларусь зэрэг гишүүнчлэлтэй орнуудын нэгдсэн Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхээр хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажил хийх хүрээнд улс төрийн төвшинд яриа хэлэлцээрүүд удаа дараа хийгдэж байгаа билээ. Хэлэлцээрийг арванхоёрдугаар сард багтаж байгуулахаар Засгийн газар ажиллаж байна.
300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх уг хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул нуугдаж байна. Тодруулбал, бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг манай улс дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа ч гаднаас ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлэх аж.
Дотоодын хэрэгцээгээ хангагч жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах учиртай МҮХАҮТ одоогоос нэг сар орчмын өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "Монгол улс эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд нухацтай хандах шаардлагатай. Одоо байгуулагдах гэж байгаа Монгол Улс, БНСУлс хоорондын ЭЗТХ болон ЕАЭЗХолбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд өмнөх алдаануудыг давтахгүй байх хүрээнд танхимын болон бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай бөгөөд давчуу хугацаанд яаран тулгалгүй илүү нухацтай алгуур хандах нь чухал гэж үзэж байна" гэх агуулга бүхий мэдэгдэл гаргаж байжээ.
МҮХАҮТ-ийн Удирдах зөвлөл 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хуралдаад мөн "Уг хэлэлцээрийг байгуулах ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулахыг шаардаж байна" гэх агуулгатай удаах мэдэгдлийг гаргажээ.
Тодруулбал, энэхүү хэлэлцээрийг байгуулах нь Монгол УИХ, Засгийн газраас аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарыг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болон хөнгөлттэй зээл тусламжийн талаар баримталж байгаа төрийн бодлоготой зөрчилдөж байгааг тодорхой үндэслэл заан дурджээ
"Манай улс Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдвэл хүнсний үйлдвэрүүд эхлээд хаалгаа барина. Том үйлдвэрлэгч улс жижиг улсуудыг эдийн засгийн хувьд залгидаг. Хүнсний хангамжийн асуудал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой" хэмээн УИХ-ын гишүүд ч тэр, Засгийн газрын зарим сайд нар ч байр сууриа илэрхийлсээр байгаа.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хүнсний аюулгүй байдлаараа гадны хараад орон болохгүй байх нөхцлийг төрийн бодлогоор дэмжих ёстой атал олон улсын хэлэлцээр, бүс нутгийн геополитик нэрийн дор бусдын хараат орон болох шийдвэрийг Засгийн газар гаргахгүй байх хэмээн найдах үлджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.