БНСУ-ын Үндэсний ассамблей өнөөдөр хуралдах бөгөөд Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг эх орноосоо урвасан хэргээр байнгын ажиллагаатай мөрдөн шалгах тусгай зөвлөхийг ажиллуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна.
Уг хуулийн төсөлд Юн-ээс гадна Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Армийн штабын дарга, генерал Пак Ан Су болон Ерөнхий сайд Хан Дак Сү, Сөрөх тагнуулын албаны тэргүүн Ео Ин Хён, эрх баригч Ардын хүчний намын бүлгийн дарга асан Чу Кюн Хо нарыг ч мөн мөрдөн шалгах хүмүүсийн жагсаалтад бичжээ.
Ердийн мөрдөн шалгах ажиллагаанаас ялгаатай нь ерөнхийлөгч байнгын ажиллагаатай мөрдөн шалгах тусгай зөвлөхийн эсрэг хуулийн төсөлд хориг тавих эрхээ эдлэх боломжгүй. Гэхдээ тусгай зөвлөхийн томилгоог өөрөө хойшлуулж болох аж.
Үндэсний ассамблейн өнөөдрийн хурлаар мөн сөрөг хүчин АН-аас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн цомхотголын төслийг хэлэлцэнэ.
АН-ын өргөн барьсан одоогийн хуулийн төсөлд ирэх оны төсвийг 677.4 их наяд вон буюу 485.3 тэрбум ам.доллар байхаар тусгасан нь Засгийн газрын нөөц хөрөнгө, Ерөнхийлөгчийн Тамгын газрын тусгай үйл ажиллагааны зардлыг танаж, Засгийн газрын анхны өргөн барьсан төсвөөс 4.1 их наяд воноор бууруулсан тоо ажээ. Мөн үндэсний аюулгүй байдлын алба, прокурор, төрийн аудитын байгууллага, цагдаагийн байгууллагын зардлыг ч тодорхой хэмжээгээр танах төсөл орж байгаа бололтой.
Өнөөдөр 22 дахь удаагийн Үндэсний Ассамблейн энэ жилийн анхдугаар ээлжит чуулганы сүүлийн өдөр юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.