Утааны эсрэг “Бид амьсгалмаар байна” жагсаалыг иргэн Ч.Ганжавхлан эхлүүлээд байна. Уг жагсаалаар “Утааны сонсгол” зохион байгуулахыг шаардаж буй. Нийтийн өргөдөл гомдлын D-Parliament.mn сайтаар иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 70 мянган иргэний гарын үсэг цуглаад байна. 100 мянган иргэний гарын үсэг цугласнаар ажлын хэсэг гарч, УИХ-д уг асуудал хүрэх боломж үүснэ.
Өнөөдөр утааны жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж, иргэд олон нийт Төв талбайд цуглаж үзэл бодлоо илэрхийлж байна.
Иргэн Ч.Ганжавхлан:
-УИХ-аар утааны сонсгол зохион байгуулбал энэхүү жагсаалын үр дүн гарна. Утааг бууруулах ажилд нийт хэчнээн төгрөг, яаж зарцуулсан, сайжруулсан шахмал түлшний найрлага гэх зэрэг асуудлыг олон нийт мэдэх ёстой. Утаатай бүсэд төрийн томчуудыг авчирч, бодит байдлыг харуулж сонсгол зохион байгуулна. Эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй байна. Хүйтний улирал эхлэхээр өвчин зовлон гамшгийн түвшинд хүрч байна. Утаа бууруулсан гэгддэг албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой.
Иргэдийн сэтгэгдэл:
-“Мөнх итгэлт баяд” ХХК өнөөдрийн үйл ажиллагаагаа зогсоож, 12 ажилчид, удирдлагатайгаа ирж жагсаалд нэгдэж байна. Бид өдөр алдахгүй ажиллах шаардлагатай нийгэмд амьдарч байгаа ч дуугүй агаарын бохирдлыг тэвчээд байж болохгүй байна.
-Гэртээ суугаад утасны цаанаас шейр хийж байснаас газар дээр нь хүрч ирээд нэг удаа ч гэсэн нэгдье гэсэн бодолтой ирлээ.
-Утаанаас болж эмнэлэгт хүмүүс хэдхэн хоноод үхнэ гэсэн асуудал байхгүй. Өчнөөн олон жил агаарын бохирдолтой улсад төрж өссөн хүүхдүүд ирээдүйд эрүүл мэндийн асуудалтай болж, хорт хавдар үүсэж, хүүхэд төрүүлэх боломжгүй, гэдсэндээ бий болсон хүүхэд эндэх нөхцөл үүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.