Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сардаа багтаж нэгдэх гэж буй. Ингэснээр 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ. Манай Улсын ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж зарим албаны хүмүүс үзэж байна. Уг асуудлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ажлын хэсэг гаргаад байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од:
-Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон. Тэр үед ААН байгууллагуудтай хамтарч, судалгаа хийгээгүй элссэн. Гэтэл Энэтхэг Улс хүртэл тодорхой үе шаттай дэлхийн худалдааны байгууллагад элссэн. МҮХАҮТ-ын байр сууринаас дурдвал экспортод бүтээгдэхүүн гаргадаг гишүүд харилцан ашигтай байх шаардлагатайг дурдаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдаж, нухацтай хандаж, Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхийг зарчмын хувьд зөвшөөрөх ч, харилцан ашигтай байх заалтыг Засгийн газартай зөвшилцөнө.
Евразийн эдийн засгийн гишүүн орны элчин сайдтай уулзахаар төлөвлөсөн байгаа. Тухайн улсад суух элчин сайдтай манай улсад байгаа элчин сайд цахимаар зөвлөлдөж байна. Жишээ нь Киргизстан Улс ноос ноолуурын дутагдалтай. Тэгвэл бид тухайн улсад ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж болно. Тэр хөрөнгө мөнгийг Киргизстан Улстай хамтран шийдвэрлэнэ. Төлбөрөө ноос, ноолуураар хангах мэтээр бартер хэлбэрээр төлж болно. Тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг евразийн бусад улс руу экспортолж болох бүтээлч шийдлүүд байна.
Бид ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт тодорхой саналуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.