Хавдрын эмнэлэгтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Хавдрын эмнэлэг байгуулах нь зүйтэй гэдэг бүх л гишүүд санал нэгтэй байгаа. Зураг төсөв нь ирэх оны зургаадугаар сард дуусахаар байна. 400 орчим тэрбум төгрөг байхаар эхний тооцоолол гарсан.
Хавдар судлалын үндэсний төвийг Сонгинохайрхан дүүрэгт барих 10 га газрын асуудал шийдэгдсэн. Ирэх оны төсөвт барилга эхлүүлэх 7.9 тэрбум төгрөгийг тусгасан. Барилга хамгийн багадаа 3-4 жил баригдана гэж тооцоолж байна.
Тэр болтол хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Аймаг, орон нутагт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгаж өгсөн байгаа.
Хавдар судлалын үндэсний төвийн хашаан дотор баригдсан дөрөвдүгээр эмнэлэг гэж нэрлэгдээд буй эмнэлэг Хөгжлийн банкны барьцаанд хураагдчихсан. Хэний өмч гэдэг нь тодорхой бус. Тиймээс үүнийг улс, эрүүл мэндийн салбар одоогоор худалдаж авах боломжгүй. Үнэлгээнээс эхлээд асуудал их байна. Худалдан авах боломжгүй л гэж үзэж байна.
Эмнэлэг баригдтал жилд 4000-5000 хүн өвчлөөд үхнэ гэсэн үг биш шүү дээ. Иргэдээ яаж хавдар тусгахгүй байх вэ гэдэг чухал. Туссан тохиолдолд эрт илрүүлэх, амьдарч байгаа бүс нутагтаа эмчилгээ хийлгэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хавдар судлалын төвд орон нутгаас ирж эмчлүүлж байгаа иргэдийн 80 хувь нь тухайн бүс нутагтаа хими био эмчилгээ, мэс засалд орох боломжтой байгаа. Эмнэлэг баригдаад эсвэл эмнэлэг авснаар аврагдана гэж ойлгож болохгүй юм.
Ямар ч утаа хүний эрүүл мэндэд хортой. Гэхдээ утаанаас болж хавдрын эс мутацлагдлаа гэсэн ямар ч нотолгоо, шинжилгээ дэлхийд байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.