Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Засгийн газраас дахин төсөв өргөн мэдүүлэхээр болсон. Ингэхдээ Хөдөө аж ахуйн салбарын төсвийг 130 тэрбумаар танахаар болжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Хөдөө аж ахуйн салбарын төсвийг 130 тэрбумаар танаж байгаа. УИХ-аас шийдвэр гараад, ерөнхийлөгч хориг тавьсан учраас бүх л яамд төсвөө өөрсдийн боломжоороо хасаж байна.
Гол ачааллыг үүрч байгаа дөрвөн яамны нэг нь манай яам байгаа. Төсөвт ачаалал өгөхгүйгээр өөрийн байгаа хөрөнгөө зарж борлуулах замаар хөрөнгийн эх үүсвэр бий болгож Дархан-Уул аймагт шилжин байршиж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүргийг Засгийн газраас өгсөн. Үүн дээр төрийн өмчийн хороотойгоо хамтраад зохицуулах ажлыг хийгээд явж байна.
УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд төрийн захиргааны байгууллагуудыг орон нутагт шилжүүлэх, тэр хүрээнд төвийн бүсийн хөдөө аж ахуйг эрчимжүүлэн, төрөлжүүлэн хөгжүүлэх аж үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Ингээд манай яам төвийн бүсэд шилжин очиж, үйл ажиллагаагаа явуулж байна. Ээлж дараатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээд явна. Тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдэж байгаа. Энэ онд 100 гаруй албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн.
Одоогийн байдлаар хөдөө аж ахуйн салбар 1 тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол үүнийг 2 тэрбум ам.долларт болгох зорилт тавьсан. Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо, Атарын 4 гэсэн хөтөлбөр байгаа. Үүнд манай төсвийн 99 хувь зангидсан. Бие биедээ харилцан хамааралтай ажлууд байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.