УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийг ажлаа хариуцлагатай хийхийг шаардаж, хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гишүүд дахин сонгогддоггүй гэдгийг сануулж үг хэлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Шинэ парламент 126 гишүүнтэй шинэ тогтолцоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор өөрчлөх асуудал их гарч ирж байх шиг байна. УИХ-ын даргын ирсэн ирцээрээ урагшаа сууна гэдэг саналыг дэмжиж байна.
Яах гэж УИХ-ын гишүүн болдог билээ. Бүгд л гишүүн болох гээд төр түмнээ төлөөлнө гэж маш их зүйл амлаж, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Худлаа үнэн ярьдаг. "Уулыг нурааж, усыг эргүүлнэ" гэдэг. Тэгээд Их хурлын гишүүн болсныхоо дараа хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүй. Ард түмнээ төлөөлдөггүй, хувийн эрх ашгийн төлөө ажилладаг. Ийм зүйл зөндөө байдаг. Үүнийг бид цэгцлэх ёстой. Ер нь худлаа ярьдаг гишүүд олон сонгогддоггүй юм. Нэг удаа сонгогдоод л алга болчихдог юм. Тийм болохоор олон сонгогдсон гишүүдийг ад үзээд байх шаардлагагүй.
2016 оноос хурууны хээгээр санал өгдөг болсон нь бас дэвшил. Энэ парламентад ирсэн ирцээрээ асуулт асууж, үг хэлдэг болсон. Үүнтэй адил ирсэн ирцээрээ урагшаа суудаг болсон нь зөв. Бид ажлаа сайн хийхгүй болохоор иргэд нүд үзүүрлэж байна. Төсвөө баталж чадахгүй байгаа нь хариуцлагагүй байгаагийн шинж. Дэгийн хуульдаа хариуцлага тооцдог асуудлыг оруулах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.