Эрдэнэт хотын залуу Э.Энхдалай Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэн агсны дууг түүнтэй их адилхан дуулдаг. Найман настай байхаасаа ардын дууны Адараа гуайн бүх дууг шимтэн сонсож, цээжилжээ. Тиймээс ч түүн шиг дуучин болохыг мөрөөдөж ирсэн аж.
Э.Энхдалай 17 насандаа аялан тоглолтод явж байгаад авто осолд оржээ. Улмаар тархиндаа хүнд бэртэл авч, олон жил эмчилгээ хийлгэж байгаа ч багын мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг талаараа бидэнтэй хуваалцлаа.
Иргэн Э.Энхдалай:
-Намайг Эрдэнэдалайгийн Энхдалай гэдэг. 28 настай. Эрдэнэт хотод төрж өссөн. Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Одоо Эрдэнэт хотдоо амьдарч байна. Сургуулийн сурагч байх үеэс П.Адарсүрэн гуайн дууг даган дуулж, энэ агуу хүний давтагдашгүй дууг нь дахин амьдруулж ард түмэнд хүргэх зорилго, мөрөөдөл, хүсэл тээж ирсэн. Тэр цагаас хойш 18 жил дуулж байна.
Зарим хүмүүс миний дуулахыг сонсчихоод "Үр удам хүүхэд нь юм уу" гэж их асуудаг. Зарим нь ч итгэхгүй “Ам их барьж байна. Энэ хүүхдийн дуулах гэж юу байдаг юм” гээд л янз бүрийн юм сонсож байсан л даа. Заримд нь магтуулаад л заримд нь матуулаад л.
П.Адарсүрэн агсны бүх дууг цээжилсэн. Хамгийн дуртай нь “Ээжийнхээ хайраар”, “Ээж минь”, “Алтай хангайн уулс”, “Тэмээн дээрээс наран ойрхон” гээд л дуунуудаас нь эхлээд явна даа.
Дээр үед хөдөө амралтаараа өвөө, эмээгийндээ очихдоо жижигхэн хөгжим аваад л уулан дээр гарч дуулна. Хүн чинь хөдөө агаарт дуулж суухад гоё гоё юм их бодогдоно. Тэгээд л “За би ёстой тийм л дуучин болно доо” гээд мөрөөднө.
Тэр үед П.Адарсүрэн дуучныг харж байгаагүй. Зүгээр дууг нь сонсоод дагаж дуулдаг байсан. Сүүлд нэг бичлэг үзээд улаан дээлтэй, цэнхэр бүс бүсэлсэн, үсээ ургуулсан байсан юм. Тэрийг нь харчихаад яг адилхан болох гээд үсээ ургуулаад адилхан улаан дээл, цэнхэр бүс хийлгэж байлаа.
Би 2013 онд арван жилээ төгсөж байсан. Тэр ондоо тоглолтод явж байгаад авто осолд орж, дөрвөн жил шахуу тасралтгүй эмнэлгээр явсан. Толгойндоо хүнд бэртэл авсан болохоор хэцүү байсан. Эмнэлэгт ухаангүй сар болж байж ухаан орж байсан. Нэлээд олон жил эмчилгээ хийлгэж, уран бүтээл минь завсарлаж байсан юм.
Давхар ажил хийж амьдрахгүй бол амьдрал хэцүү шүү дээ. Өмнө нь Эрдэнэт хотын цэцэрлэгт жижүүр хийж байсан. Одоо Дархан хотын нэг байгууллагад хамгаалагч хийж байна.
2015 онд ‘Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт орж байсан. Тэр үед П.Адарсүрэн агсны хүүтэй анх танилцаж байлаа. Намайг нэвтрүүлэгт ороход аавынхаа тухай яриа өгч, намайг дэмжиж байсан түүх байдаг юм. Тэр цагаас хойш А.Амартайван ахтай холбоотой байдаг. Намайг анх дуулахыг сонсоод “Аавтай минь нэлээд дөхүү дуулдаг юм байна” гэж байсан.
Анх мөрөөдөж байсан зүйл маань тэр чигээрээ л сэтгэл зүрхэнд суучихсан. Монгол түмэндээ зориулаад ганц сайхан тоглолт хийе л гэж боддог. Өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд “Сэтгэлдээ жаргалтай яваарай ээж ээ” гэсэн нэртэй тоглолт хийх гэж байгаад санхүү мөнгө, ивээн тэтгэх газар олдохгүй хойшлогдсон доо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.