УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх дэгийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Гэвч гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжсэнгүй. Энэ нь Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай болсон юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ таван сар үйл ажиллагаа явуулахдаа дөрвөн удаа төсөв хэлэлцлээ. Бүх талдаа хариуцлагатай байх ёстой. Нэг гишүүн, хоёр сайдын хариуцлагагүй байдлаас болж Монголын төр ийм байдалд ороод сууж болохгүй" гэх үгийг хэлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ өргөн барьсан асуудлыг өнөөдрийн энэ түвшинд хүргэхгүй гэж бүхэл гарц боломжийг хайж ажиллаж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг ярьсан. Ёс зүй дэгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарч хуралдах, хамтарсан ажлын хэсэг гаргах, хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг гаргаж ирэх үүрэг аваад хэлэлцэгдсэн. Өглөөний санал хураалтад 26 гишүүн дэмжээгүй. Үүний дотор долоон сайд дэмжээгүй. Засгийн газрын гишүүд өөрсдөө тийм дэгээр явуулахгүй. Ийм нөхцөлд оруулъя гэж хүсэж байна гэж бид ойлгож байна.
УИХ нэр, нүүрээ бараад энэ асуудлыг хэчнээн олон удаа хэлэлцлээ. Энэ их хурал таван сар үйл ажиллагаа явуулахдаа дөрвөн удаа төсөв хэлэлцлээ. Төсвийн тодотгол, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээ, 2025 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Мөн тодотгол хийх нөхцөл боломжийг нь урьд өмнө гаргаж байсан жишгийн дагуу гаргаж өгсөн. УИХ энэ асуудлыг шийдье гэж байгаа. Эргээд эс үйлдэл хийчихээд, УИХ-ыгаа эвгүй байдалд оруулж, энэ үйлдэл хэрээс хэтрээд “хаус” хэлбэр рүү орлоо. Асуудлаа шийдэж чадахгүй хэлбэр рүү явж байна.
Бүх талдаа хариуцлагатай байх ёстой. Нэг, хоёр гишүүн, нэг, хоёр сайдын хариуцлагагүй байдлаас болж Монголын төр ийм байдалд ороод сууж болохгүй. Өмнө нь өөр саналтай байсан бол түүнийгээ санал хураалтын өмнө хэлэх ёстой байсан. Ардаас нь шаардлага хэлж суух нь зохимжгүй байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.