Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан гишүүд ажлын хэсгийн хуралдаандаа ирэхгүй байгаа талаар шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос гарсан Ажлын хэсэгтэй холбогдуулаад нэг үг хэлчихмээр байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн хуралдаандаа ирэхгүй байна. Хэд хэдэн ажлын хэсэг хуралдаж чадахгүй хойшилж байна. Бүтэн нэг цаг 30 минут ирц нь хүрэхгүй хүлээгээд сууж байна. Хэдэн их хурлын гишүүд хүлээгээд сууж байгаа байх, яадаг юм гэж бодож байгаа байх. Гэтэл тэр ажлын хэсэгт зориулж маш олон судалгаа хийсэн, ажилласан төрийн албан хаагчид ирж байгаа байхгүй юу гишүүд ээ. Тэд ажлаа хаяад ирж байгаа. Нийт байгуулагдсан 55 ажлын хэсэгт чинь төрийн албан хаагчид үндсэн ажлаа хийх боломжгүйгээр ажиллаж байгаа. Та бидний дуудсан цагт бүгдээрээ ирж байгаа. Өдөржингөө хүлээж байгаад явж байгаа. Яамны хүмүүс ажил хийх боломжгүй байгаа. Ямар хариуцлага тооцдог юм бэ. Хоцордог гишүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч байгаа гэдгээ бодмоор байна. Жаахан хүндэтгэлтэй хандвал яадаг юм. Төрийн албан хаагчид та бидний хүнд суртлаас болоод ажлаа хийж чадахгүй байгаа гэдгийг анхаармаар байна. Нэлээн удаа харж байгаа. Үүнийг яах ёстой юм бэ Д.Амарбаясгалан дарга аа гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв.
-Цалин хасна даа. УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцээс гадна чуулганы хуралдаанд оролцож байгаа байдал, чуулганы хуралдааны хэдэн хувьд нь суусан эсэхийг гаргадаг болох системийн хөгжүүлэлт хийгдэж байгаа. Гишүүд хоёр өдрийн чуулганд бүрэн сууж байх ёстой.
Зайлшгүй шалтгаантай, эмнэлгийн чөлөө, бусад байдлаар чөлөө авах нь нээлттэй байгаа. Ер нь Дэгийн тухай хуулиараа чуулган, байнгын хорооны тухайн өдрийн хурлаас түр гарахаар бол хурал даргалагчаас заавал чөлөө авдаг байх дэгтэй. Орж ирж бүртгүүлчихээд явдаг гишүүд нэлээдгүй байгаа шүү дээ. Ирц өндөр байгаа ч байнга сууж, жижүүрлэдэг 70 гаруй л гишүүн байна. Жижүүрлэдэг гишүүдээ урамшуулдаг байх нь ч зөв гэж бодож байгаа. Бүлгийн дарга нарт зохицуулалт хийх, оролцоог нь хангах боломж бий. Л.Мөнхбаясгалан гишүүний санал, шүүмжлэлийг дэмжиж хүлээж авах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЖИЖҮҮР ХИЙДЭГ ИХ ХУРАЛ. ЁСТОЙ СОНИН ХАЧИН ЗҮЙЛ ЭНЭ ХУРЛААС СОНСОХ ЮМ. ЕР НЬ ИХ ХУРЛЫН УТГА УЧИР ЮУНД БАЙДАГ ЮМ БОЛОО ЭДНИЙХААР