Одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртөж, Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 орчим бүтээлүүд галын гэмтэл авсан харамсалтай үйл явдал болсон байдаг. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байсан билээ.
Монголын уран зургийн галерей нь Монгол улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцууллаа.
Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож байна.
Энэ талаар Монголын уран зургийн галерейн Сан хөмрөгч, урлаг судлаач Б.Мөнгөнчимэг:
-2009 оноос хойш Монголын уран зургийн галерей галд өртсөн үнэт бүтээлүүдийг сэргээн засах чиглэлээр маш олон талт ажлыг хийж байна. Уран зураг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж, бүр уран зураг сэргээх засах лаборатори хүртэл байгуулж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа. “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн зорилго нь галд 50 хувиас дээш өртсөн, сэргээн засах ямар ч боломжгүй бүтээлүүдийг AR технологи ашиглан олон нийтэд үзүүлж буйгаараа онцлог юм.
“Соёлын бүтээлч сар” аянтай холбогдуулан “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн тусгай үзэсгэлэнг энэ сарын 18-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.