СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-02

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Бан Ги Мүн-д төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Тэрбээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо. Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад  айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов.

Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа.

Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.