СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-10-31

ЧУУЛГАН: Францын Орано групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж хариулт авч байна.

-УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ төсөл дээр Оюутолгойн гэрээнээс үүдсэн алдаа сургамжаасаа сургамж авч, цаашид өөр олон хөрөнгө оруулалт татах зүйл заалтуудыг тусгах нь зүйтэй гэж харж байна. Монгол Улс цөмийн зэвсэггүй орон гэдгээрээ бахархдаг. Цаашид цөмийн эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр ямар зорилт дэвшүүлсэн бэ?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Цөмийн энергийн тухай хууль анх 2009 онд батлагдсан. Түүнээс хойш Ашигт малтмалын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орсон. Ялангуяа төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-аар, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах энэ боломжийг нээсэн. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж УИХ өөрөөр тогтоож болох асуудлыг хуульчилсан. Гэсэн хэдий ч Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтууд тусаагүй юм билээ. Тиймээс цацраг идэвхит ашигт малтмалын ордтой холбоотой төслүүд хэрэгжих гэхээр өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд төрийн эзэмшлийн 34 хувийг албажуулаад явахаас өөр эрх зүйн орчин байхгүй. Өнгөрсөнд гаргасан алдаагаа харахаар төр 34 хувийг эзэмшдэг, ногдол ашиг авах хугацаа нь хойшилдог. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд 2.3 тэрбум ам. долларыг тэглэснээс хойш 2037 онд ногдол ашиг авах бололцоо бүрдсэн. Энэ хугацаа дахин хэзээ болж хойшлохыг хэн ч мэдэхгүй. Ногдол ашиг гарахын хэрээр зардал, менежмент нэмэгддэг. Эргээд Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялаг 50+1 нь ард түмний мэдэлд байх суурь зарчим хангагддаггүй. Тэгэхээр хэлбэрийг нь ямар ч хэлбэрээр байх боломжийг нь хуулиараа нээж өгөөд тухайн хөрөнгө оруулалтын гэрээ төсөл бүр дээр өөр өөр байх зохицуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтын гэрээгээ УИХ-р батлуулж, төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-аар, бүтээгдэхүүн хуваахаар оруулах гэж байгаа бол УИХ-д үүнийг нь шийдээд явах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай нийцүүлж байгаа юм.

Төр 34 хүртэл хувь, 50 хүртэл хувь эзэмших, менежменттэй нь хутгалдаад байх биш иргэд шууд татвараа авдаг, ногдол ашиг хүртэг энэ зарчим руу явахгүй бол цаашдаа олон улсын түвшинд гэрээ хэлэлцээр хийхэд хүндрэл бэрхшээл үүсэхээр байгаа учраас энэ өөрчлөлтийг оруулж ирсэн.

Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар 14 мега төсөлд багтсан Ораногийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Оюу толгойн гэрээг байгуулах үед Монголчууд мэддэггүй байв. Тухайн үед дарга нар гадаад явж ирээд л шал өөр зүйл ярьдаг байв. Манай улсад ураныг мэддэг хүн байхгүй. Хөндлөнгийн, хараат бус шинжээч нар энэ гэрээний талаар ямар дүгнэлт гаргасан бэ? Би дүгнэлтийг л тойрч ярих ёстой юм. Бид энэ гэрээг байгуулснаар ураны баяжмал буюу шар нунтаг гаргана. Африкаар дүүрэн ураны баяжмал гаргаад ядуурсан улс байна. Энэ гэрээг байгуулснаар ердөө 3 тэрбум ам.долларын ашиг олох нь. Бид нүүрснээсээ ийм орлого олох тул энэ гэрээг эсэргүүцэж байна. Орано манай өрөм болсон ордыг олборлоно. Та нар хөршүүдтэй зөвлөсөн үү? Ураны баяжмалыг онгоцоор зөөхгүй, газраар л зөөнө шүү дээ. Ураны баяжмалаас цахилгаан үйлдвэрлэх үү?

“Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал:

- ШУА болон Франц, Канадын компаниудаар хөндлөнгийн судалгаанууд хийлгэсэн. Ураны баяжмалаас цахилгаан үйлдвэрлэх чадалтай таван улс бий. Тэдгээр нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн таван улс юм. Говийн гүний ус 20-25 метрийн гүнд байдаг. Уран 120-160 метрийн гүнд, шаварлаг элсэн давхарга дунд байдаг тул гүний усанд нөлөөлөхгүй. Бид газар доор уусган баяжуулах аргаар олборлоно. Газрын гүн рүү ус шахаж, тэр усанд уран уусахад нь дээш татаж аваад, уснаас уранаа салгаад усаа дахин доош шахаж эргэлтээр ашиглана. Би их энгийн тайлбарлах гэж хичээлээ. Усанд элсэн чихэр уусгадагтай адил процесс газрын гүнд болно. Гүн рүү шахах шингэний 99 хувь нь ус, 1 хувь нь хүхрийн хүчил байна.           

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ бол "Оюу толгой"-гоос хойших, хөрөнгө оруулалтын том төсөл тул бид дэмжих нь зөв. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний нэгтэй нь гэрээ хийх гэж байна. Атомын цахилгаан станц энэ гэрээтэй ямар ч холбоогүй. УИХ-ын гишүүд холиод байна. Бид Азийн улсуудаас энэ салбарт ихээхэн хоцорсон. Казахстан, Узбекистан ихээхэн хөгжлөө. Олон толгойтой хурга ишиг төрлөө гээд л энд тэнд лайв хийж эхэлнэ. Янз бүрийн дуу хоолой гарах тул энэ талаар  олон нийтэд сайтар мэдээлээрэй гэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.