СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-28

Н.Өнөрцэцэг: Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээжээ.

Тус захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

-Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ.

Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна.

Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Ааваа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг.

“Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн …

Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрөөлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлчил өчье.

Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа.

Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй. гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу.

Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна.

Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг!

… дүгээр хорих ангиас Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.