СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-04

Нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцооны болзошгүй үр дагаврууд

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог 1994 онд анх хуульчлан тогтооход гар бие оролцож, түүнээс хойш уг тогтолцоог хэрэгжүүлэх явцад байнга анхаарч, дэлхийн улс орнуудад энэ салбарт ямар шинэчлэл өөрчлөлт хийж буйг судалж, энэ хооронд хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах явцад өөрийн санаа бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уншигчидтайгаа хуваалцаж, хууль тогтоогчдод нэг бус удаа хүргэж ирснийг эргэн сануулахад илүүдэх юун.

Ахмад настнуудын тоо ойрын жилүүдэд огцом нэмэгдэж, цаашид нийгмийн даатгалын сан бараг л дампуурах ирмэгт тулж байгаа тухай эрх мэдэл бүхий хүмүүс мэдэгдэх болов. Хойт европийн ихэнх улс орнууд манайтай адил нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоотой, хүн амынх нь дундаж нас хавьгүй өндөр ч тэгтлээ сандрахгүй л байна.

Манай Улс л дээр доргүй хэцүүдлээ гэцгээх юм. Энэ цаанаа нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог хуримтлалын тогтолцоогоор солих санаархалтай шууд холбогдоно.

Нийгмийн даатгалд дөнгөж мэндэлсэн нялхаас эхлээд бүх хүн хамрагддаг болохоор энэхүү даатгалын тогтолцоог өөрчлөх нь нэгэн ёсны хувьсгал гэж ойлгож болно. Хувьсгал ялах бол нэг хэрэг, харин түүний зорилгыг бодитойгоор хэрэгжүүлж, ард түмэн үр шимийг нь хүртэнэ гэдэг бол шал өөр ихээхэн хүч чармайлт шаардагдах ажил юм. Манай улсад ардчилсан хувьсгал ялаад удахгүй 35 жил болох гэж байна. Гэтэл бидний төсөөлж байсан үр дүнд хүрэх болоогүй л байна. Иймээс нийгмийн даатгалын хувьсгалыг төсөөлж буй үр дүнд хүргэхэд багагүй хугацаа шаардагдана, бас өмнөхийн адил алдаа завхрал гарахыг ч үгүйсгэхгүй. 1995 оноос хэрэгжиж эхэлсэн одоогийн хуваарилалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд ямар их алдаа эндэгдэл гаргасны гэрч нь, бас хохирогч нь монголын ард түмэн өөрсдөө гэдгийг ойлгох ёстой.

Энэ хугацаанд нийгмийн даатгалын санг хомсдуулахад нөлөөлсөн маш олон алдаатай шийдвэрүүдийг үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасны заримыг нь товч дурдъя. Үүнд:

  • Нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг 1990-1995 онд төлсөнд тооцохоор, 1995-2000 онд цалингийн доод хэмжээнээс тооцож нөхөх төлүүлэхээр шийдвэрлэсэн;
  • Зарим даатгуулагчийг 50-55 насанд нь тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан;
  • Нийгмийн даатгалын сангийн мөнгийг найдваргүй банкинд хадгалуулж, тэдгээр нь дампуурч төлөгдөхгүй удаж байна;
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэсэн өв залгамжлалын хэлбэр байсаар атал зэрэгцээ ийм агуулгатай тэтэгэвэр буй болгосон
  • Төрүүлсэн хүүхдийн тоогоор даатгуулсан хугацааг нэмэгдүүлж тооцохоор тогтоосон
  • Нийгмийн даатгалын байгууллагыг задалж, улс, орон нутгийн түвшинд эрүүл мэндийн даатгалын зэрэгцээ бүтцийг байгуулсан гэх мэт. Уг нь эрүүл мэндийн даатгалын мөнгөөр даатгуулагчид үйлчилгээ үзүүлэгч нь эрүүл мэндийн байгууллага, даатгалын мөнгөн эх үүсвэрийг нийлүүлэгч нь нийгмийн даатгалын байгууллага хэвээр байсан бол харилцан хяналттай тогтолцоо үйлчлэх боломжийг бүрдүүлэх байсан.

Эдгээр шийдвэрүүд бүгд даатгалын үйлчилгээ авч буй нийт хүнд таалагдах хэдий ч шийдвэр гаргасан албаныхан цаагуураа тогтолцоогоо аажмаар нураана гэдгийг мэддэг л баймаар.

Ийм шийдвэрүүдийг нөгөө нийгмийн даатгалын сан дампуурах нь гэж ярьдаг хүмүүс сонгогчиддоо тал засаж гаргасаар ирсэн.

Ийм бодитой шалтгаанууд байсаар байтал манай иргэдийн дундаж наслалт эрэгтэй нь 70, эмэгтэй нь 78 хүрч нийгмийн даатгалын сан ачааллаа даахгүй болсон гэх нь хэт өрөөсгөл. Ард түмний дундаж наслалт анагаах ухааны хөгжлөө дагаад өсөх нь зүй ёсны сайн зүйл мөн бөгөөд нийгмийн даатгалын санд нөлөөлөх нь ч бас зүйн хэрэг. Гэхдээ одоогоор нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт тулж ирээгүй бөгөөд мэдээж цаашид ачааллыг нь хөнгөвчлөх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Харин нийгмийн даатгалын санд ирж буй ачааллыг хөнгөвчлөх цорын ганц арга нь хуримтлалын тогтолцоонд шилжих явдал гэдэг нь туйлын эргэлзээтэй. Дэлхийн банкнаас 1994 онд улс орнуудад хандаж илгээсэн захидлын агуулгаар зүүн европийн хуучин социалист зарим улс орнууд болон ЗХУ-ын задралаар үүссэн зарим улс орнууд нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцоонд шилжсэн ч зарим нь тодорхой бэрхшээлтэй тулгарсаар байгаа тухай би өмнө нь бичсэнээ эргэн сануулахад илүүдэхгүй болов уу.

Хойт европийн орнуудад хэдийгээр дундаж наслалт өндөр ч үүнээс зайлсхийхийн тулд уламжлагдан мөрдөж ирсэн хуваарилалтын тогтолцоогоо хадгалж тэтгэвэрт гарах насыг өсгөх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх замаар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувийг аажмаар нэмэгдүүлэх, цалингаас тэтгэвэр тогтоох хуьийг бууруулах зэрэг арга хэмжээг авч байна.

2023 онд баталсан Нийгмийн даатгалын хуулиудын шинэчилсэн найруулгаар зарим алхмуудыг хийснийг дэмжүүштэй. . Тэр үед манай улсын хүн амын дундаж наслалт 46 байсан гэж архивийн баримтанд үлдсэн байна.

Бас манайд цэргийн тэтгэвэрийг улсын төсвөөс олгох хуультай. Түүнийг тогтоох, олгох үйл ажиллагааг л нийгмийн даатгалын байгууллага хуулийн дагуу эрхлэн гүйцэтгэдэг. Цэргийн тэтгэврийн эх үүсвэр нь улсын төсөв учраас нийгмийн даатгалын сангийн хомсдолд хамааралгүй. Зарим албаны хүмүүс, судлаачид улсын төсвөөс нийгмийн даатгалын санд хуулийн дагуу зарим бүлгийн тэтгэвэрт зориулан шилжүүлж буй мөнгө, цэргийн тэтгэвэрт зориулан шилжүүлж буй мөнгийг салгахгүйгээр бөөнд нь тооцоод улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн дутагдлыг нөхөж байгаа мөнгө огцом нэмэгдэж уг сан дампуурахад хүрч байгаа мэтээр даатгуулагчдын айдсыг төрүүлэх болов.

. Гэтэл тэр төлж байгаа шимтгэлийн талаас илүүг нь аж ахуйн нэгж, байгууллага нь цалингийн сангаасаа тооцож төлдөг. Даатгуулагч иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлд цалин, хөлснийхээ 8,5 хувийг, бусад төрлийн даатгалд 3 хувийг төлдөг. Үүнээс даатгалын тэтгэмж /жирэмсний, амаржсаны, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, гэх мэт/-д тэтгэвэрт гарахаасаа өмнө зарцуулчихдагаа мартаж болохгүй.

Нөгөө талаас бизнес эрхлэгчид нийгмийн даатгалын ачаалал их байгааг шүүмжилж байгаа харагдах юм. Тэд шимтгэл хэдэн хувь байсан ч өртөг зардалдаа шингээгээд борлуулалтын орлогоороо буцаагаад олоод авдаг учраас ийм яриа байх үндэсгүй. Бизнес эрхлэгчдийн энэ үндэслэлгүй шүүмжлэлийг дагаад Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулах тухай ярьж байгааг хараад ойлгох ухаан хүрдэггүйгээ нуугаад яахав.
Даатгуулагчид маань шимтгэлийн хувийг бууруулбал ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ багасна гээд л ойлгочих хэрэгтэй.

Харин улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон одоо тоо нь жилээс жилд улам буурсаар байгаа тэтгэвэр авагчдийн мөнгийг л шилжүүлдэг. Цаана нь банкуудад алдсан мөнгийг тооцох юм бол өнөөдөр нийгмийн даатгалын сан бараг алдагдалгүй байхаар. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг салбарын сайд нь тэргүүлж буруу шийдвэр гаргуулж ирснийг яаралтай залруулах хэрэгтэй.

Энэ бүхнийг энд дурдаад байгаагийн учир бол одоогийн тогтолцоо олон жилийн турш оршин тогтнох бөгөөд цаашид хагас хуримтлалын тогтолцоонд шилжихэд болзошгүй эрсдэл байна гэдгийг олон түмэнд хүргэх гэсэн хэрэг.

Яагаад гэж үү?

Нэгдүгээрт: Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хуулийг 1997 онд батлаад 1960 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 2015 оноос, эрэгтэйчүүд 2020 оноос нэрийн данснаасаа тэтгэврээ тогтоолгох байсан ч Улсын Их Хурлаас цалинд үндэслэсэн болон нэрийн данснаас тооцон тогтоох аргын алийг нь сонгохыг даатгуулагч өөрөө шийдэх хуулийг баталж, 1997 оны хууль хэрэгжих боломжгүй болсныг эвтэйхэн аргалсан.

Хоёрдугаарт: Нийгмийн даатгалын 2023 онд баталсан хуулиар 2002 оноос хойш төрсөн эмэгтэй, 1997 огоос хойш төрсөн эрэгтэй 2067 оноос 65 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх үүсэхээр байна. Харин 1979 оноос хойш төрсөн даатгуулагч тэтгэврээ тогтоолгохдоо зөвхөн нэрийн дансны аргаар тооцуулна.

Нийгмийн даатгалын тухай 2023 оны хуулийн шинэчилсэн найруулгын 1997 оны Нийгмийн даатгалын нэрийн дансны тухай хуулиас ялгарах нэг давуу тал нь даатгуулагчийн нэрийн дансанд хоосон мөнгөний тоо бүртгэгдэхгүй, даатгуулагч бүрийн дансыг мөнгөжүүлэх эх үүсвэрийг зааж өгсөнд оршино. Өөрөөр хэлбэл хувь хүн, байгууллагаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувийг даатгуулагчийн нэрийн дансанд шилжүүлж, түүнийг бизнесийн эргэлтэд оруулахын зэрэгцээ улсын төсвөөс багагүй мөнгө энэхүү хуримтлалын санд оруулж эргүүлнэ гэж хуулиудын шинэчилсэн найруулгыг батлах үеэр Засгийн газраас тайлбар өгч байсан.

Даатгуулагчийн хуримтлалын дансны орлого нь хувь хүн, байгууллагаас төлсөн шимтгэлийн мөнгө, мөнгөжүүлсэн орлогын нийлбэрээс бүрдэх юм байна. Мөнгөжүүлсэн орлого гэдэг нь улсын төсвөөс уг санд оруулсан мөнгө, бизнесийн эргэлтээс орж ирсэн нэмэгдэл орлогоос бүрдэх бололтой. Үүнийг даатгуулагчид хэрхэн буцааж тараан хуваарилахыг одоогоор журамлаагүй байна.

Нэг үгээр хэлбэл Нийгмийн даатгалын санг хэн, хэрхэн удирдахаас тэтгэвэр тогтоолгож байгаа хүний тэтгэвэрийн хэмжээ ихээхэн хамааралтай болох юм байна.

Гэхдээ зөвхөн нэрийн дансандаа хуримтлагдсан мөнгөн дүнгээс тэтгэвэр тогтоохоос өмнө зарцуулсан зарлагыг хасаад үлдсэн мөнгөнөөсөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоосон тэтгэвэр бодох дундаж хугацааны илэрхийллээр тооцож тэтгэврээ тогтоолгох юм байна.

Гэтэл даатгуулагч нэрийн дансандаа дээр дурдсан арга замаар хуримтлагдсан мөнгөнөөсөө тэтгэвэрт гарахаасаа өмнө орон сууц худалдан авах, сурч боловсрох, эрүүл мэндийн төлбөртэй үйлчилгээнд хамрагдах, бизнесийн зориулалтаар болон аялаж зугаалахдаа зарцуулах боломжтой болно гэж рекламдаж буй. За тэгээд ийм зориулалтаар их хэмжээгээр зарцуулах юм бол цөөхөн жил багаахан тэтгэвэр авах эрсдэл ч тохиолдохыг үгүйсгэхгүй. Ингэх аваас нийгмийн халамжийн зардал одоогийн түвшингээс нэмэгдэх эрсдэл төсөөлөгдөж байна.

Ийм л учраас энэ шилжихээр бэлтгэж байгаа хуваарилалтын тогтолцоо бол өөгүй сайхан өндөг шиг зүйл биш. Бас түүнийг хэрэгжүүлэх явцад эрх баригчид өнгөрсөн 30 гаруй жилд гаргасан шиг ямар алдаа дутагдал гаргахыг таашгүй. Даатгуулагч эрх баригчдын ирээдүйд гаргах алдаанаас даатгагдаагүй гэдгээ ойлгох учиртай.

Эцэст нь үүнийг би төрийн хуулиар тогтоосон шийдвэрийг үгүйсгэх, эсэргүүцэх гэж бичсэнгүй, зүгээр л хуваарилалтад суурилсан хуучин тогтолцоог хэвээр мөрдөх хугацаа хангалттай байна. Урьдын алдааг засаад явах боломж байна. Бас шинэ хуримтлалын тогтолцоонд шилжихэд ийм ийм эрсдлүүд байна гэдгийг юуны түрүүнд даатгуулагчид, цаашлаад даатгалын сангийн эрхийг ируудүйд барих хүмүүс анхааралдаа аваасай гэсэн сайн санааны илэрхийлэл гэдгийг тунгаана биз дээ.

СУДЛААЧ: ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.