- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1-р тойрог, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Сэмжидмаатай ярилцлаа.
Баянгол дүүргийн онцлог юу вэ? Та Баянгол дүүргийн төлөө ямар асуудлуудыг шийдэх зорилготой нэр дэвшиж байгаа вэ?
-Манай Баянгол дүүрэг Зам тээвэр, зорчих хөдөлгөөн, худалдаа, эдийн засгийн эргэлтийн өндөр ачааллыг өөртөө авч байдаг Нийслэлийн ч тэр, Монгол улсын хувьд ч ГОЛ тулгуур нь юмаа.
Манай дүүрэг нутаг дэвсгэрийн хувьд төвийн 4 дүүрэгтэй хиллэдэгээр онцлогтой, тэр утгаараа өдөрт 1 сая гаруй иргэний зорчих хөдөлгөөнийг өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлдэг. Зам тээвэр, хөдөлгөөний ачаалал хамгийн өндөртэй дүүргүүдийн нэг.
Эдийн засгийн эргэлтийн хувьд, жишээлбэл, Монгол Улсын импортын барааны 50 хувийг өөрийнхөө нутаг дэвсгэрт хүлээн авч 21 аймаг, 360 сум, бусад 8 дүүрэг рүү ачилт хийдэг тээвэр ложистик тулгуур дүүрэг. Та бүхний мэддэгчлэн, Төв вокзалаар 6000 гаруй иргэн олон улс, орон нутгийн зорчилт хийдэг. Ихэвчлэн хувцас, өргөн хэрэглээний барааны импортыг худалдаачид маань эндээс оруулж ирдэг гол боомт. Барилгын материалын 44 худалдааны төв бол Монгол улсын барилгын бараа, материалын импортын 80 гаруй хувийг хангадаг. Мөн Барс худалдааны төвд хүнсний нэрийн бүтээгдэхүүний бараг бүх бөөний худалдаа хийгддэг.
Нөгөө талаар, баянгол дүүрэг маань өөрөө Монгол улсын хамгийн урт, бас олон дэлгүүр, худалдааны төвтэй гол бүс. Нийслэлийн худалдан авагчдын хөдөлгөөний урсгалыг өөртөө татдаг.
Эндээс Баянгол дүүргийн асуудал бол зөвхөн дүүргийн асуудал биш гэдэг нь харагдаж байна. Дүүргийн иргэддээ үйлчилье, дүүргээ хөгжүүлье гэвэл Нийслэлийн хэмжээний бодлого, зохион байгуулалт шаардлагатай юм байна. Дуу хоолойгоо Нийслэлийн шийдвэр гаргах түвшинд, тод, чанга хүргэх ёстой юм байна гэдгийг өөрийн туршлагаасаа би мэдэрч, итгэл үнэмшилтэй болсон юмаа. Хамгийн ГОЛ нь Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил, сэргэлтийг Баянголын иргэнд илүү хүртээмжтэй, ойлгомжтой, бодитой хүргэх менежмент чухал байна. Ийм болохоор миний бие, НИТХ – д МАН – с нэр Баянгол дүүрэгтээ нэр дэвшиж байна.
Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Ахмадуудад чиглэсэн ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?
-Бидний дэвшүүлж байгаа нэг ГОЛ зорилт нь ахмадууддаа чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх. Ахмадуудаа зөвхөн тэтгэвэрийн гэж үздэг ойлголт хоцрогдоод байна. Харин ч эсрэгээрээ ахмадуудыг туршлага, нийгмийн баялаг гэж үздэг хандлага дэлхий даяар өрнөж байна. МАН-аас ч гэсэн ахмадуудын ажил эрхлэлтийг дэмжье, нийгмийн оролцоог илүү идэвхтэй болгоё, ахмадынхаа амьдралын чанар, орлогыг нэмэгдүүлье гэж байгаа.
Ахмадууд руу чиглэсэн энэ ажил бол Монголчуудын үндэсний дархлаа гэж үзэж байгаа. Учир нь МОНГОЛ хүний ГОЛ мөн чанар, уламжлал, хүмүүжил, туршлага, үндэсний “санах ой”-гоо өвлүүлэхэд ахмадуудын оролцоо бол бодитой, баялаг оролцоо гэж үзэж манай мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.
Өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа бусад намынхаа төлөөлөгчдийн оролцоог хэрхэн хангаж ажилласан бэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн иргэдийг төлөөлж 41 төлөөлөгч ажилласан. Үүний 21 нь МАН-аас, 18 нь АН-аас, 2 нь ХҮН намаас сонгогдсон. Дүүрэгт хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлыг давхардуулалгүй, зөв хүртээмжтэй хийхийн тулд хамтын шийдвэр дээр тулгуурлан төсөв баталдаг байсан. Дүүргийн ИТХ-ын даргын хувьд өнгөрсөн хугацаанд олонхийн шийдвэрийг дагаж, цөөнхийн эрхийг төлөөлж ажилласан. Миний нэг ч шийдвэр хувийн тоглолт байгаагүй.
Таны хувьд Баянгол дүүргийн анхны эмэгтэй ИТХ-ын дарга. Эмэгтэй улс төрчийн хувьд хүндрэлтэй, хэцүү зүйл байдаг уу?
-Миний хувьд хэцүү зүйл байдаггүй. Эсрэгээрээ эмэгтэй хүний давуу тал гэж бий. Эмэгтэй улс төрчдийн хувьд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчдийнхөө дунд зохион байгуулалтын ажлуудыг маш сайн хийж өгдөг давуу талтай. Шийдвэр гаргахад хөрөнгө оруулалтын давхардлыг арилгах, орхигдсон асуудлыг нэмж оруулах, хүний эрх, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын тал дээр түлхүү иргэндээ хүрсэн ажилд илүү нөлөөлж, дэмжлэг авч чаддаг онцлогтой.
Ер нь хараад байхад эмэгтэй хүн илүү хүлээцтэй, тууштай, хариуцлагатай байдаг юм шиг санагддаг. Миний хувьд хүнийхээ хөгжил рүү чиглэсэн шийдвэр гаргахыг зорьдог.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.