Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд тодорхой чиглэл өглөө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авч, УИХ-д бид төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах тодорхой албан даалгавр өглөө. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажил хангуулах чиглэл өгсөн.
Түүнчлэн тус компани дээр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлийг судалж, танилцуулах үүрэг өгсөн. "Эрдэнэс Тавантолгой" компанийг гадны менежментээр удирдуулснаар улс төрийн нөлөөллийг бүрэн багасгана гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.