СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Өчигдөр сайд, улстөрч хоёр өндөг шидэлцэж, бас зодолдов. Яг үнэндээ сайдыг нь сайд гэхэд хэцүү, улстөрчийг нь улстөрч гэхэд бэрх л дээ.

Уг нь П.Наранбаяр их гэгээлэг байдлаар саяхнаас танигдаж улс төрд орж ирсэн байдаг юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Японд мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчны яам, Японы экологийн сан, Үндэсний шинэтгэлийн хороонд ажиллаж байсан. Дараа нь “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллах болсон. Тэндээ удаан, найман жил ажилласан. Тэгээд ХҮН намд орсон. УИХ-д хоёр удаа дэвшсэн. Хоёр дахь удаагийнх дээрээ Баянзүрх дүүргээс сонгогдсон.

Сонгуулийн дараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхэд ХҮН намынхаа квот дээр Боловсролын сайд болсон.

Гэхдээ мань эр сайд болонгуутаа л цочоогоод эхэлсэн.

Сурагчдын форм, сая ярьсан 45 хоногийн багш зэрэг сонин “маркетинг”-ийг хийж гарсан. Өөр олон зүйл ярьсан. Бас эхлүүлсэн. Гол нь Боловсролын сайдын эдгээр шийдвэр судалгаа, шинжилгээтэй эсэх нь маш эргэлзээтэй. Тэгээд бас бодит амьдралд хэр зэрэг буухыг хэн ч таах аргагүй.

Ядаж байхад боловсролын салбар сүүлийн 30 жилд хамгийн их зовлон амссан байдаг. Тэр үйлийн үрийг үе үеийн сурагчид амсдаг. Ийм нуруугаа авахуулсан салбар яахаас ч буцахгүй сайдтай болсон нь хоржоонтой л хэрэг.

Ерөөс П.Наранбаяр сайд болоод сурагч, багш, эцэг эх гэдэг гурвалжин эрх ашгийг тоолгүй мөрөөдлийн юм уу, гэнэт бодсон шийдвэрээ хэрэгжүүлж эхэлсэн. Нэг үгээр боловсролын салбарт популизмыг амилуулсан

Гэтэл МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт Боловсролын сайдын хийх ажлыг бараг заагаад өгчихсөн байх жишээтэй.

Өчигдөр өндөг шидүүлсэн багш сургах тухай асуудлаар дээрх хөтөлбөрийн тухайд:

“…Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах “Сайн багшийг таны дэргэд” цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ.

…Багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын тогтолцоог бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар багшийн хомсдолыг бууруулна.

…Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана.

…Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10 000, бага ангийн багш 2 000, ЕБС-ийн багш 11 000, англи хэлний 2 000, МСҮТ-ийн 2 000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ” гээд заачихсан.

“…45 хоногийн курс” гэж энд алга. Энэ мэтээр арай л өөр ажлуудыг төлөвлөсөн байх аж. Угтаа багшийн хомсдолыг арилгана гэж байгаа бол мэргэжил эзэмшсэн багш нараа мэргэжлээрээ ажиллах боломжийг л олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, багшийн нөөцгүйдээ биш багш нарт багшлах орчин бүрдэхгүй л байгаа хэрэг. Үүнийг боловсролын салбарынхан ярьж хэлээд л байна.

Ер нь тэгээд “…Алаагүй байхад үнэг сайхан” гэдэг шиг хашаагүй албан тушаал хачин сайхан боломж л харагддаг. Хэрвээ болдог байсан бол МАН, АН-ын удам угшилтай Боловсролын сайд асан ах, эгч нар чинь багш нарыг 45 байтугай 4-5 хоногт бэлдээд гаргачихдаг болгочихсон л байгаа шүү дээ.

Тэгэхээр П.Наранбаяр сайд Монголыг Баянзүрх дүүргээр, сургуулийг “Шинэ Монгол”-оороо төсөөлөөд байдаг шиг байгаа юм.

Монгол уудам, амьдрал баян шүү дээ. Тэгэхээр сайд өөрөө Монголынхоо өнцөг булан бүрд байгаа аймаг, сумдаар явж, тэнд байгаа бүх шатны сургууль, цэцэрлэгтэй танилцах хэрэгтэй. Тэнд ажилладаг багш, ажилтнуудтай уулзаж ярилцах шаардлагатай. Тэгвэл толгойд нь арай өөр амьдрал бууна.

П.Наранбаярыг Боловсролын сайд болоод бужигнуулаад эхлэхэд багш нар, эцэг эхчүүд, ер нь нийтээрээ гайхсан. Тэгээд ажигласан. Мань эр улам цаашлахад шүүмжлэл өрнөсөн.

Яг одоо бол П.Наранбаярын үйл ажиллагаагаар судалгаа авбал маш цөөхөн дэмжлэг гарч ирнэ дээ. Ийм л момент дээр “Үнэн ба зөв” намын дарга асан, УИХ-д бас нэр дэвшээд үзчихсэн А.Отгонбаатар өндөг атгаад гараад ирсэн. Энэ залуу “…Шарсан мах анддаггүй” гэдэг шиг аль л дуулиан шуугиантай асуудал дээр гарч ирдэг. Популист. Сонгууль өнгөрөөд Монгол ойрд тайван байлаа. Тэсэж тэсэж энэ дээр гарч ирсэн ч байж мэднэ. А.Отгонбаатарын талаар, өндөг шидсэн тухайд хэлэх үг алга. “…Үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан Монголын иргэн” гэж тайлбарлах биз.

Гэхдээ бид өчигдрийн энэ явдлыг “…Өндөг шидлээ, тэгээд зодолдлоо” гээд шоолсхийгээд өнгөрч болохгүй юм. “…Энэ юунаас болсон бэ” гэдгийг анзаарч хамтад нь дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад гэхээр яг үнэндээ уг үйл явдал “сайд биш сайд”, “улстөрч биш ултөрч”-ийн хооронд болов. Сайдыг П.Наранбаяр, улстөрчийг А.Отгонбаатар төлөөлөв.

Юу ч гэмээр юм бэ дээ, энэ бол явж явж манайхны л байж байгаа царай л даа. Монголын ирээдүйг ХҮН намд атгуулсны, ХҮН нам П.Наранбаяраа сайдад зүтгүүлсний л үр дүн. Нөгөө талд Монголын улс төрийн хөгжил өнөөдөр А.Отгонбаатар шиг л байгаа хэрэг. Ийм нөхцөлд П.Наранбаяртай боловсролын салбарын бодит байдал, А.Отгонбаатартай улс төрийн соёл ярих ч боломжгүй гэсэн үг.

Тэгэхээр “…Балинчаа аваач ээ” гэдэг шиг ХҮН нам П.Наранбаяраа татаж, оронд нь арай аюулгүй хүнийг Боловсролын сайдад санал болгох хэрэгтэй. Байхгүй бол МАН-д нь, АН-д нь буцаагаад өгчих. Бас УИХ одоо Улстөрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. Сонгуулийн босгыг намсгаж, төлөвшөөгүй жижиг намуудад итгэл найдвар төрүүлэхээ больсон нь дээр. Бараг алга болж байсан жижиг намууд саяын сонгуулиар амилаад гараад ирсэн.

Сонгуулийн “долгион”-оо алдаагүй зарим нь амарч амарч байгаад ингэж гарч ирж байх шиг байна. УИХ-ын сонгуулийн дүнгээр гарч ирсэн жижиг намын жагсаалтын гишүүдийг ч харчих хэрэгтэй. Энэ УИХ жигдэртэл УИХ-ын дарга нь, Тамгын газар нь их л зовлон үзэхээр харагдаж байна лээ дээ. Ер нь тэгээд өчигдрийн жижиг зодоон бол том популизмын энэ мэт “тэжээл”-тэй л холбоотой юм. 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.