СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-16

Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцууд хөрсний усанд автаад байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхантай ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн тухайд хөрсний ус, үерийн эрсдэл иргэдийн түгшүүрийг төрүүлж байна. Үүн дээр та бүхэнд ямар судалгаа байдаг вэ?

-Үүн дээр хоёр асуудал байгааг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, үер усны асуудал. Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах байгууламж дутагдалтай байна. Нийслэлийг зорьж суурьших хүн амын урсгал хурдацтай нэмэгдэхийн хэрээр үер усны байгууламжуудыг төлөвлөж, бүтээн байгуулах ажлыг шуурхайлах шаардлага тулгарч байгаа. Үүнд дүүрэг, нийслэл анхаараад ажиллаж байна. Нөгөөх нь хөрсний усны асуудал. Бороо хур элбэгшиж, голын усны түвшин нэмэгдсэнээр хөрсний ус дээшилдэг. Манай дүүргийн тухайд 7 хорооны 18 байршилд нэр бүхий орон сууцны хорооллуудад хөрсний усны асуудал хөндөгдөж байна.

-Барилгын зоорийн болон В1 давхарт хөрсний ус шүүрч байгаа нь юутай холбоотой вэ?

-Би хэдхэн хоногийн өмнө яг энэ асуудлаар газар дээр нь очиж танилцаад, иргэдийн гомдол саналыг сонсоод явсан. Ерөөсөө л энэ бол цэвэр технологийн алдаа. Нэг байршилд баригдсан хоёр барилгын нэгнээс нь хөрсний ус ундраад, нөгөөх нь зүгээр байдаг. Энэ бол барилгын компани стандарт нормоо зөрчсөн, технологийн алдаа гаргасан, хяналт шалгалт дутуу тавигдсан, туршлага дутсан асуудал юм.

-Шийдэх боломж бий юу?

-Мэргэжлийн хүний хувьд инженерийн шийдлүүдийг судалж байсан. Шийдэх технологиуд бий. Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой. Үүнд онцгой анхаарна. Наад барилга чинь хувийн өмч болсон гээд иргэнээ хаяж болохгүй.

-Та компани технологийн алдаа гаргасан гээд шууд хэлчихлээ. Асуудал тарьсан компаниудыг хэрхэх вэ?

-Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд холбогдох дүгнэлт, хяналт шалгалтаа хийнэ. Миний хувьд байнга шахаж шаардаж, үр дүн гартал явна. Явах ч үүрэгтэй хүн. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрөөс бүхнийг хянах ёстой гээд нүсэр аппарат ажиллаад байх төвөгтэй. Зардал мөнгө нь яах билээ. Бас төр данхайж, шат дамжлага нэмэгдэх тусам хүнд суртал, авлигын асуудал дагаж босож ирдэг. Тиймээс асуудлыг олон талаас нь нягталж ойлгох хэрэгтэй. Эдгээр байранд хүн амьдарч, хүүхдүүд өсөн бойжиж байна. Маш хариуцлагатай, хяналттай ажиллах ёстой гэх сэтгэл зүрх чухал. Хоёрдугаарт, тэртээ тэргүй чанаргүй компаниуд зах зээлийн зарчмаар шигшигдэнэ. Өрсөлдөөн дундаас иргэд чанартайг нь сонгоно.

Нөгөө талаас иргэд орон сууц, барилга худалдах авахдаа маш сайн хянаж шалгах мэдлэг туршлагатай байх ёстой. Олон зуун саяар яригдах эд хөрөнгө шүү дээ. Хэчнээн сайн байршилтай байлаа гээд чанаргүй бол өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, боломжийг үгүй хийх эрсдэлтэй. Энэ болгон чинь явсаар байгаад чанаргүй гүйцэтгэлтэй компаниудыг зах зээлийн жамаар солигдоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.