СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд Монголын төр өнгөрсөн долоо хоногт хүндэтгэл үзүүлэв. Есдүгээр сарын 10-ны өдөр бол яахын аргагүй Монголын түүхэнд хар мөр үлдээсэн. Өнгөрсөн зуунд улсаараа, үндэстнээрээ хэлмэгдлийн гашуун зовлонг үүрсэн байдаг. Энэ утгаар нь төр засгийн зүгээс дурсах гэхээсээ уучлал хүсэх гэдэг утгаар хандах нь зөв болно.

Тэгвэл өнөөдөр, есдүгээр сарын 10-нд том хулгайд холбогдсон улстөрчид голдуу, улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдийгөө хилсээр хэлмэгдсэн болгож өөрчлөхийг оролдов. Тэд “...Хэлмэгдэл дуусаагүй”, “...Бид хэлмэгдсээр байна” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг өөрсдөө болон өөрсдийн төлөөний хүн болгож УИХ-д илгээсэн хүмүүсээрээ дамжуулж олон нийтэд хүргэж үзэв. Гэтэл тэд хэлмэгдлээс болж шарх байтугай шалбархай ч аваагүй л яваа хүмүүс байдаг. Тэгэхээр тэд хэлмэгдүүлэлт ярих нь зөв үү?!

Яг үнэндээ одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн эрх баригчид улс төрийн том өрсөлдөгчөө хэлмэгдүүлж байв. АТГ, ЦЕГ-ыг тэр чигээр нь хөдөлгөж, улс даяар дуулиан шуугиан тарьж баривчилсан. Улмаар “үхрийн бөөр” шиг шалтаг”цуглуулж, шүүхээр шийтгүүлээд, шоронд хорьсон. Яг тэр үйл ажиллагааг зохион байгуулсан зарим улстөрч, үүнийг дурсахаас ч айж явдаг болсон гэдэг юм.

Харин өнөөдрийн тухайд том хулгайд холбогдсон хүмүүсийн өмнө ял шийтгэл хүлээж, эсвэл улс төрийн эрх ашгийг нь хөндсөн жирийн бизнесмэн, тэр байтугай сэтгүүлчид хүртэл ийм хэлмэгдүүлэлтийн золиос болж байна.

 Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны долдугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүж ял оноов.

Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэсэн хоёр үйлдэл, зүйлчлэл дээр хэвлэл мэдээллийн салбарынхан, цаашлаад олон нийт, төр ч анхаарах учиртай.

Ер нь сэтгүүлч гэж хэн бэ. Ийм асуулт зүй ёсоор тавигдана. Н.Өнөрцэцэгийг буруутгасан мөрдөх байгууллага, түүнд хяналт тавьж ажилласан прокурорууд, ял шийтгэсэн шүүх “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан”, “…Мэдээллийг олон нийтэд тараасан” гэдгийг чухам юу гэж ойлгодог вэ.

Хариулт нь, энэ бол сэтгүүлчийн хийдэг ажил юм. Чухамдаа сэтгүүлч, сурвалжлагч, тэр дундаа эрэн сурвалжлагч бол олон нийтийн мэдэх боломжгүй мэдээллийг олж мэдээлэх, хүргэх үүрэгтэй ажилладаг. Тэр хэрээр тухайн сэтгүүлчийн чансаа харагддаг.

Ялангуяа “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэдгийн тухайд төрийн нууцаар халхавчлаад тэрбум тэрбум, их наядаар нь хүртэл хулгай хийчихсэн баримтууд захаар нэг хөглөрч байгаа ийм үед тэр мэдээллийг олж авсан сэтгүүлчийг “…Мэргэжлийн үүргээ маш сайн гүйцэтгэсэн” гэж дүгнэхээс өөр аргагүй. Дээрээс нь төрийн нууцыг харж хямгаддаг субьект нь сэтгүүлч сурвалжлагч нар биш юм. Харин түүнийг хамгаалах үүрэг нь хуулиар өөр субьектүүдэд оногдсон.

Тэр утгаараа, Монголын шүүх сэтгүүлчийг ингэж “…Төрийн нууцыг хадгалсан”, “…Мэдээлэл тараасан” гэж буруутган яллаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдсан хэрэг бөгөөд Эрүүгийн хууль дахь эдгээр зүйлчлэлийн буруутныг олж тогтоож чадаагүй гэсэн үг.

Тиймээс энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэгийг дарж авах, амыг нь хаах гэсэн, түүнд зориулсан үйлдэл болж таараад байна. Тэр хэний замд хөндөлсөж, хэний эрх ашгийг хөндсөн бэ. Баталгаатай хэлэхэд, “…Энэ бүхэн хэлмэгдүүлэлт байсан” гэдэг нь хожмоо, тун удахгүй ч ил болж мэднэ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.