СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2024-09-11

Б.Догмид: Лодонгийн Дандар бол эр зоригтой, жинхэнэ баатар хүн л дээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

“Цаг хэд болж байна. Өнө мөнх” гэж Оросын яруу найрагч Осип Мендельштам дуу алдсан юм гэдэг. Тэр үгийн утга юу байсан бэ гэвэл цаг хугацааны их шуурганаа тогтож үлдэх нэгээхэн зүйл байхгүй атал нийгэм хийгээд хүмүүний түүхийг цадиглан туурвигч уран бүтээлч нэгний уранбүтээл л эзнийхээ нэрийг хойч үед үлдээдэг нь өнөд мөнхөрнө гэсэн үг ажээ.

Бүр тодруулбал, хэн нэгний бүтээсэн сайн сайхан үйлс бүхэн уранзохиолын цэлмэг тэнгэрээр дамжин урт насладаг гэж хэлж болох.

Цаашлаад хүний амьдрал урт богиноороо биш утга агуулгаараа хэмжигддэг байх юм.

Тиймийн учир хэн нэгнийг зохиол бүтээлээр нь алдаршуулах гэж санах. Басхүү санах төдий биш бичиж үлдээх нь сэтгүүлч бидний үүрэг гэлтэй. Энэ удаа “Цэнхэрлэн харагдана”, “Хулангийн шанд”, “Ус уухын заяа” номуудаараа аль өмнөх зууны сүүлчээр төрийн шагнал хүртсэн дараа нь Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч цол хүртсэн, богино өгүүллэгийн нэрт мастер Балжирын Догмидын нэгээхэн бүтээлийн тухай өгүүлье хэмээн бичиглэхээр шийдлээ.

Энэ хүнийг уншигч олон танина л гэх биз. Мань мэт хуучин танилууд нь зохиолч Б.Догмид юу хийж суугаа бол гэж бодож явдаг.

Саяхан түүнтэй нэг уулзахдаа тэр бодлоо хэлээд үзлээ л дээ.

-Яахав. Насаараа үзэг цаас ноцолдуулж л суух юм. Томоохон юм хийхээр дэмжих газар, хүн олдохгүй болохоор урамгүй юм даа хө гэж тэр яриагаа эхэлсэн.

Түүнээс мартагдашгүй түүхийн нэгэн Халх голын байлдааны явц, тэр дотроос энгүй эр зоригт, улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг үйлсийн тухай “Бууны сумыг буцааж болдоггүй” нэртэй урансайхны киноных нь тухай жаахан хөөрөлдлөө.

-Та Л.Дандар баатрыг урьд нь мэддэг байсан уу?

-Би Л.Дандар гуайтай хоёр удаа л уулзсан юм. Анх уулзснаасаа хойш энэ хүний тухай нэг юм бичнэ дээ гэж бодох болсон.

Намайг Дорноговь аймгийн Захиргаанд ажиллаж байх үед Л.Дандар баатар Зүүнбаянгийн дивизийн орлогч дарга байсан.

Нэг удаа яруу найрагч С.Долд ахаар зуучлуулан байж түүнтэй уулзсан. Тэгээд

-Би таны тухай юм бичих гэсэн юм. Жаахан ярилцая гэсэн чинь

-Өө надтай янз бүрийн хүн уулздаг л юм. Юм бичдэггүй л юм байх чинь билээ. Өөдтэй юм бичснийг би ер үзээгүй. Би өөрөө дурсамж маягийн юм бичсэн. За тэгээд дайн үзээгүй хүнд дайны тухай ярина гэдэг дэмий шахуу ажил гэж тун таагүй хүлээн авдаг юм.

Би ч урам хугарсан. Хэрэндээ дургүй ч хүрэх шиг болсон.

-Хоёр дахь уулзалт чинь хэдийд болов. Өөрөө лав зорьж очоогүй болов уу?

-Тийм л дээ. Аз болж аймгийн намын хороо, захиргааныхан Л.Дандар гуайг урьж уулзалт хийсэн юм.

Уг уулзалтад Л.Дандар гуай улсын баатар С.Төмөрбаатартай хамт ирж тун гоё уулзалт болсоон.

Л.Дандар гуай ч ерөнхийлж ярьдаг хүн шиг санагдсан. Өөрийнхөө тухай сэдэв бага оруулна. Тэр нь урьд нь буруудаж зөвдөж яваад хэлэх ярих үгээ хязгаарлуулж явсан нь илт мэдрэгдэж байсан.

Үнэндээ даангүй дайны үед ногоон малгайтнуудад ам өчигөө өгч араа шүдээ түүлгэж явсан хүний нэг тийм ч байхаас яахав. Хамгийн гол юм тэр. Халхын голын дайн нь жинхэнэ байлдаан байсан гэдгийг галын дунд дайтаж явсан хүний хувьд зарим сонин зүйл хэлсэн дээ.

Тухайлбал Японы нэг дэд хурандаатай барьцалдан авч алуулах шахсанаа ярьсан.

-Алуулах шахсан гэж яг хэлсэн үү?

-Тэгсэн. Нэг удаа Л.Дандар гуай хоёр цэрэг дагуулан дайсны ар талд гарч явахдаа окопонд дуран бариад зогсож байсан японы томоохон даргыг хармагцаа түүнийг өөрөө улаан гараараа барих гэж зориглон хоёр цэргээ үлдээгээд тэр хүний араас нь очоод тэвэрч авсан юм гэдэг. Тэгсэн нөгөө япон дарга Л.Дандарыг толгой дээгүүрээ давуулаад дороо хийчихэж. Энэ тухай ярихдаа

-Тэр надаас бүх юмаараа илүү хүн байлаа. Бариад авсан чинь догшин үхэр дээр мордсон юм шиг тонгочоод дороо хийчихсэн. Алахнээ.

Аз болж миний нэг гар буундаа хүрч гохоо дарж амжсанаар тэр хүн үхэж би амьд гарсан юм даа гэж хэлдэг юм.

Тэгээд С.Төмөрбаатар баатрыг чи нөгөө толгой сэргийлэхэд явсан тухайгаа сонирхуулаач гэх

-Төмөрбаатар гуай юу ярив?

-Нэг удаа тав, зургаан цэрэгтэйгээр толгой сэргийлэх үүрэгтэй явж л дээ тэр.

Гэтэл гэнэт японы онгоц гарч ирээд бөмбөгддөг гэнэ. Тэд мориноосоо буугаад тарж хэвтжээ.

Морьд нь гөлмөө дэрвүүлээд давхиад алга болж. Бөмбөгдөлт өнгөрөөд босцгоосон бүгд амьд мэнд гэнэ. Даана ч явгарчихаж.

Төмөрбаатар гуай нэг цэргийг тэр толгой дээр гарч байдлыг ажаад ир гэж.

Тэр цэрэг буцаж ирээд:

-Энүүхэнд хоёр хуягтаар хамгаалуулсан японы дөрвөн машин цэрэг ирж явна гэлээ. Тэгэхэд Төмөрбаатар гуай “За бид монгол цэргийн нэр төрийг бодож дайсантай эцсээ хүртэл үзэлцэхээс өөр аргагүй гэж хэлээд байцгаатал тэдний хульжиж одсон эмээлтэй морьд нь тал талаас нь давхиад ирж. Энэ тухай фронтын сонин дээр гайхалтай үйл явдал. Монгол морьдын гайхамшиг энэ. Энэ бол дэлхийн дайны түүхэнд гарсан онцгой явдал гэж бичигдсэн шүү гэж ярьсан даа.

Баатруудын тэр дурсамжуудын цаана Халхын голын дайн бол жинхэнэ байлдаан байсан юм шүү гэдгийг ухааруулсан даа.

Л.Дандар баатар хэлэхдээ –Энэ бол жинхэнэ байлдаан байсан. Харин хэмжээ дамжаа нь ямар байсныг би мэдэхгүй. Манай хороо гэхэд олон удаа атакад орж байлаа. Надтай тулгарсан үйл явдал миний үзсэн харсан бүгд ширүүхэн л юм болж байсан даа гэж ярьдаг юм билээ.

-Өөрөө Л.Дандар баатрын тухай “Бууны сумыг буцааж болдоггүй" нэртэй кино зохиол бичсэн. Кино ч болгосон доо. Тэр зохиолоо бичих гэж нэлээдгүй юм уншсан, бас олон хүнтэй уулзсан байх л даа?

-Цэргийн түүхчид, эрдэмтэд гайгүй олон хүнтэй уулзсаан. Л.Дандар баатрын өөрийнх нь бичсэн дурсамжуудыг олж авч дахин дахин уншсан. Бас Батлан хамгаалах яамны архивт байдаг Халх голын байлдааны өдрийн тэмдэглэлүүдийг үзсэн. Яг өдөр өдрийн байлдааны протокол юм даа. Тэндээс нь цэргийн удирдагч нөхдийн хэн нь ямар үзэл бодолтой байсныг ч мэдэж болох юм билээ.

Тухайлбал П.Гэндэн, П.Дэмид нар гэхэд Зөвлөлтийн цэргийг хэзээ ч монголд оруулж болохгүй гэж байгаад эсэргүү болж хөнөөгдсөн байдаг даа.

Тэдгээр өдрийн тэмдэглэлүүдээс харахад Халхын голын байлдааны алдаа оноо, сургамж ямар байсныг мэдэж болно.

Том байлдаан байсныг гэрчлэх баримт ихээ. Халхын голд нэг өдөр агаараар 700-800 онгоц тулаанд орж байж. Энэ нь дэлхийн дайны түүхэнд урьд нь байгаагүй тохиолдол гэгддэг. Зөвлөлт эх орны дайны үед ч агаарын тийм тулаан болоогүй гэдэг.

Алдарт Жанжин К.Жуковын тушаалаар танкын дайралтыг явган цэрэггүйгээр хийсэн гэдэг. Үүнийг дайны журмаар бол алдаа гаргалаа гэж байсан ч ялалтад хүрэх нэг сэжим байсан гэж бичигддэг. Баянцагааны ширүүн тулааны явцад тэр танкын дайралт том гавьяа байгуулсан.

Ер нь Халх голын байлдааны тухай зарим нөхөд зөвхөн сураг ажиг, хэвлэлийн зарим мэдээнээс үүдэн тийм том байлдаан болоогүй мэтээр бичдэг болсон.

Энэ бол маш том алдаа шүү. Зөвлөлтийн нэг хэвлэлд:

-Халх голын байлдаан бол дөрвөн сарын тун ширүүхэн дайн байсан. Тиймээс эх орны дайнтай адил түүхэнд мөнхрөх ёстой гэж бичсэн байсныг уншиж л байлаа.

Гэтэл Б.Баабар мэтийн нөхөд Халх голын дайны тухайд доог тохуу хийж байгаа юм шигээр бичдэг. Өөрийгөө түүхч гэж эндүүрсэн тэр нөхөр

-Л.Дандарын морин хороо дайсантай цавчилцаж байгаа гэдэг нь зөвхөн киноны зураг авахуулах маягийн юм болсон. Зарим нэгний хэлж бичиж байгаа шиг сүртэй юм огт болоогүй. Бас Зөвлөлт, Японы цэргүүд байлдаж байхад монгол цэрэг хажуугаас нь оролцсон нь бараг илүү зан байсан гэж солиорсон байх юм билээ.

Дайсан манай газар нутагт халдсан байхад монголчууд яавал яаг гээд харж суух уу. Тэнэг хэрэг болно биз дээ.

Монгол Улсын Засгийн газар японд албан ёсоор дайн зарлаад арми нь тулаанд орсон биз дээ. Б.Баабар бас нэг эвгүй юмыг мэдэхгүй байж бичсэн дээ. Тэр юу вэ гэвэл:

“Энэ дайн юунаас эхэлсэн бэ” гэдгийг тайлбарлахыг оролдохдоо  Манжго гэдэг улс бий болоод түүний хажуугаар япон оролцсон цэргийн мэргэжлийн хэдэн хүн хил хязгаарыг хаагуур тогтоохов гэдгийг харах зорилгоор ирснийг монголчууд тэднийг оросын ятгалгаар алаад түүнээс болж дайн болсон гэсэн байгаа юм. Мэдэхгүй юмныхаа төлөө тэгж мунхаглаж болохгүй л дээ.

-За тэгвэл Халх голын дайны өмнө Монголд хэлмэгдүүлэлт гэж тэр дайнаас дутахгүй бузар юм болсон гэдэг биз?

-Тиймээ. Халх голын дайны үед бас нэг хэцүүхэн юм нь До яамныхан цэргийн удирдах хүмүүсийн үйл явцыг ухаж төнхөж яавал эсэргүү гээд барих цагдахын төлөө ажил хийдэг аюул байж.

Л.Дандар баатрыг ч гэсэн ногоон малгайтнууд алхам тутамд нь зам мөрийг мөшгиж уулзсан учирсан бүгдийг хянаж байв.

Түүнийг юу гэж буруутгаж байсан бэ гэвэл Л.Дандар олноос онцгой алаг морио унаад атакад ордог байсан. Гэтэл Дандар ч тэр, унаж яваа морь нь ч тэр дайсны суманд оногдсон удаагүй гээд. Энэ нь Л.Дандар японы талын хүн. Тиймээс япончууд Дандарыг бууддаггүй байв. Тэр японы талд урвасан учир дайчин нөхдөө дагуулж дайсны галын шугамд аваачиж өгч алуулж байсан гэж мушгин гуйвуулсан цуурхал тарааж байсан гэдэг.

Тэгвэл К.Жуковын дурдатгалд Монголын цэрэг, тэр дотроос Л.Дандарын удирдсан морьт хороо гарамгай байлдаж байсан гэж бичсэн байдаг юм шүү дээ.

Бас дайны талбарт Л.Дандартай мөр зэрэгцэн явсан П.Шагдарсүрэн (Бүр сүүлд мах барагдахад юу гэдэг билээ дээ. Тэр үлгэрээр улсын баатар цол авч байсан) гэгч телевизийн 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо

-Монголын морин цэрэг атакад ороод сэлэм эргүүлж япон цэргийн толгойг цавчиж явсан гэдэг бол үлгэр.

Л.Дандар бол ороо бусгаа зантай, огцом ууртай тун барьцгүй эр байсан. Би архи уудаггүй болохоор түүнтэй нийлж байгаагүй гэж ярихыг сонссон. Тун гомдмоор үг шүү.

Дандарыг хороон дарга байхад тэр Шагдарсүрэн штабын дарга нь байсан байгаа юм. Тэгэхээр тэр хоёрын хувьд үхвэл нэг хонхорт, сэхвэл нэг довонд хөтлөлцөж явах ёстой шүү дээ.

Гэтэл тэгж хударгагүй үг ярих гэж...

Тэднийг нэг удаа хуарандаа байхад япончууд гэнэдүүлж дайрсан гэдэг юм. Тэгэхэд Шагдарсүрэн зугатсан юмуу алга болсон байжээ.

Тийм хүнд цаг үед Л.Дандар гэдэг хүн эх орныхоо төлөө баатарлагаар тулалдаж явсан тухай миний бичсэн зохиолоор “Бууны сумыг буцааж болдоггүй” нэртэй томоохон кино бүтээгдсэн юм л даа.

-Тэгвэл уг киног театруудад гаргаж телевизээр яагаад үзүүлдэггүй юм бэ?

-Харин тиймээ. Энэ бол нөгөө л үзэл бодлын хэлмэгдүүлэлтийн үлдэц байх л даа.

2018 онд анх киноны нээлтийг Булган аймагт хийснээс хойш Батлан хамгаалах яамныхан сейфэндээ хийгээд цоожилчихсон. Сая Халх голын 85 жилийн ойн өдрүүдэд бараг л худлаа ярьж хулгай хийх холгүй юм болж байж нэгхэн телевизийн сувгаар хоёр удаа л гаргав уу даа.

Цөөн хүн үзсэн байх аа. Ямар нэг амттан амсуулж байгаа юм шиг л болсон доо.

Уг нь олон хүний хүч чармайлтаар гайгүй кино болсон гэж би боддог.  Гэхдээ уранбүтээлч хүн дандаа сайн, муу хоёрын дундуур явдаг. Байнга магтуулж явна гэж хэзээ ч үгүй.

Уг кино урансайхны кино учир гарч байгаа бүхнийг үнэн гэж ойлгох хэрэггүй ч байх. Би сэтгэлийн хөөрлөөр дэмий юм бичсэн байж болно. Түүхийн хувьд үнэн зөв биш байж ч болно. Хэрэв олон түмэнд нээлттэй үзүүлсэн бол үзэгчид наанатай цаанатай шүүх л байсан байлгүй.

-“Бууны сумыг буцааж болдоггүй” гэдэг нэрийн учир гэвэл...?

-Цэргийн хүн хэлсэн үг, буудсан сум хоёроо буцааж авдаггүй. Боломж ч байхгүй. Буудсан л бол буудсан. Гох дарсан нь л бол гүйцээ.

-Таны зохиол кинонд бүрэн багтсан уу?

-Кино зохиол дэлгэцэнд бүрэн багтана гэж байдаггүй юм. Уг кинонд миний зохиолын 50 хүрэхгүй хувь нь орсон.

Ерэн минутын кинонд гэхэд тийм олон үйл явдлыг багтаана гэж байхгүй.

Миний зохиолын гол зорилго бол Л.Дандар гэж эр зоригийн туйл нэг баатар хүнийг алдаршуулах нь гол биш Халх голын байлдаан нь үнэхээр том дайн байсан. Энэ дайнд Монгол Зөвлөлтийн дайчид, олон зуун шилдэг хөвгүүд амь насаа өргөж тэгснээр өнөөгийнхөнд ийм сайхан, амар тайван аз жаргалыг авчирсан юм шүү гэдгийг л гүйцэд ойлгуулахыг хичээсэн юм.

-Та дээр олны тус дэмээр энэ киног бүтээсэн гэж хальт хэлнэ лээ. Энэ тухайд жаахан тодруулна уу?

-Засгийн газраас хүртэл гарааны мөнгө өгсөн. Их ч зардлаар бүтсэн кино л доо. 900-гаад сая төгрөгийн зардал гарсан. Засгаас өгсөн мөнгө киноны зураг авалтын гуравны нэгд л дууссан. Үлдсэн санхүүжилтийг Монгол кино нэгтгэл, түүний захирал уг киноны ерөнхий найруулагч Жамбын Солонго л аргалсан.

Батлан хамгаалах яам, Хилийн цэргийнхэн онцгой үүрэг гүйцэтгэсэн дээ.

Бас хоёрдугаар найруулагч П.Дэлгэрбаяр, Зургийн дарга Б.Аахүү нарын хичээл зүтгэл их байсныг хэлэхгүй бол алдас болноо доо. Гурван жилийн дотор арваад газар зураг авалтыг хийсэн.

-Бэрхшээлтэй юм гэж байдаггүй дээ. Кино хийх явцад хүндрэлтэй юм юу тохиолдов доо?

-Түүнийг ярьвал далай гээч болно. Тэр олон цэрэг, морь бүгдийн хөлсийг төлнө.

Орос хүн олж тоглуулахад ч хэцүү байлаа. Улаан-Үдийн Урлагийн сургуулиас орос залуус хөлсөлсөн.Тухайн үеийн буу, сэлэм олох адаглаад таван хошуутай шар товч хүртэл ховордчихсон цаг үе байлаа шүү дээ.

-Нэг асуулт байна. Л.Дандар гэдэг хүнийг ер нь дарж дарамталж байсаар л байсан гэдэг яриа бий. Энэ талаар өөрөө юу хэлэхэв.

-Насан туршид нь гавьяаг нь бүдгэрүүлж алдааг нь тодосгож явсан юм билээ. Хөөрхийг шоронд хүртэл хийсэн шүү дээ. Уг нь Л.Дандарт дураараа загнасан алдаа дутагдал байсан уу байсан. Гэтэл түүнийг нь нуун далдалсан хэрнээ аллага, таллага хийсэн хүүхэн шуухан хүчиндсэн гэсэн худлаа хэрэг явдалд орооцолдуулж байж ялласан гэдэг юм.

Тэр ч байтугай үхвэл үхэг гэсэн санаагаар шоронгоос нь 1946 онд баруун хилийн тулгаралтад Османыг барьж ирэх үүрэгтэйгээр явуулсан байдаг.

Угийн золбоолог, хийморьлог хүн учир бас нэг дайнд ороод л эргэж ирсэн хүн л дээ.

Хамгийн сүүлд нь надад нэг хэлэх юм байна. Би Халхын голын байлдааны нэг гол удирдагч, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн тухай бас нэг урансайхны кино зохиол биччихээд байгаа юм.

Кино болгоё гэтэл даанч санхүүжүүлэх газар, хүн алга. Миний зохиол тун дажгүй л дээ. Сайхан кино болох байх гэхээс кадр бүр нь нүдэнд харагдах шиг байгаа юм.

Ер нь тэгээд зохиолч бидэнд томоохон юм хийх боломж ч алга. Энэ бол уранзохиолын салбарын уналт гэж хэлэхэд ч болох биз ээ.

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7420)

 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.