- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-30-ны хооронд хуралдаж, нийт 12 өдөр үргэлжлэн, 7 удаа нэгдсэн хуралдаан болж, 30 хууль, тогтоол баталсан болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ.
Нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад Улсын Их Хурал анхаарч ажиллана хэмээсэн. Гуравдугаарт, хууль нь цаг үеийн шаардлагад нийцсэн, хөгжил дэвшлийг дэмжсэн, цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстой.
Түүнчлэн холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул Улсын Их Хурлын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр эхлэх бөгөөд үүнээс өмнө хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгааг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дарга мэдээллээ. Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан бөгөөд иргэд саналаа өгөх боломж нээлттэй байгааг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.