Манай улс замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана.
"Монгол Улсын автотээврийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжийг сайжруулах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар (KoRoad)-тай замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж, соёрхон баталгаажуулжээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүх төрөл дээр өсөн нэмэгдэж байгаа боловч анхаарвал зохих сөрөг үр дагавар ихээр гарч байгаа юм.
Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд гарч буй Зам, тээврийн ослын үр дагавар юм. Улсын хэмжээнд жил бүр зам тээврийн ослын шинжтэй 29,000 дуудлага бүртгэгдэж ослын улмаас 3,000 орчим хүн ямар нэгэн байдлаар гэмтэж, 600 хүн амь насаа алдаж байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах, мэргэшсэн жолоочийн шалгалт, менежментийн тогтолцоог хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын боловсрол олгох, мэргэжилтэн бэлтгэх, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зэрэг олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх замаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.