- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Ерөнхий боловсролын сурагчдад долоо хоногт орос хэлийг гурван цаг, англи хэлийг хоёр цаг судлахаар сургалтын программд оруулсан байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөн юм. Энэ асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Осороос тодрууллаа.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Осор:
-Одоо хэрэгжиж байгаа сургалтын төлөвлөгөөнд орос хэл нь Ерөнхий боловсролын дунд ангийн сурагчдад орохоор заасан байгаа. Бага анги дээр орос хэл орох тухай асуудал яригдахгүй. Харин одоо анги хэл тавдугаар ангиас орж байгаа.
Хуулийн өөрчлөлтөөр англи хэлийг үндсэн гадаад хэл болгохоор заасан учраас гурав, дөрөвдүгээр ангиас судлахаар Боловсролын сайдын тушаал гараад, туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Боловсролын судалгааны хүрээлэнд даалгасан. Энэ дагуу Боловсролын судалгааны хүрээлэн судалгаа хийгээд энэ жилээс 100 сургууль дээр гуравдугаар ангиас нь англи хэлийг заах туршилтыг явуулахаар болсон. Энэ туршилт амжилттай болвол улсын хэмжээнд ирэх жилээс хэрэгжүүлье гэдэг бодлого шийдвэр явж байгаа. Туршилтын үр дүнгээс хамаараад англи хэлийг гуравдугаар ангид хэчнээн цаг орох уу, дөрөвдүгээр ангид хэчнээн цаг орох уу, хичээл заах хүний нөөцөө яаж бэлтгэх үү гэдэг асуудал туршилтын явцад тодорхой болно. Ирэх хичээлийн жилээс англи хэлийг гуравдугаар ангиас үндсэн гадаад хэл байдлаар зааж эхэлнэ гэсэн үг.
Одоо орос хэлийг долоо, наймдугаар ангийн сурагчид долоо хоногт хоёр цаг, ес, аравдугаар ангийнхан долоо хоногт гурван цаг үзэж байгаа. Харин XI, XII ангид орос, англи хэлний аль нэгийг сонгон суралцаж байна.
Шинэ хуулиар заавал судлах гадаад хэл нь англи хэл гэж заасан бөгөөд бусад гадаад хэлийг нээлттэй орхисон. Тэгэхээр ирэх жилээс англи хэлийг заавал судлана. Хятад хэл, солонгос хэл, япон хэл, орос хэл, франц, герман гээд өөр орны хэлүүдийг сургууль өөрийн авсан тусгай зөвшөөрлийн дагуу нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаад нэмэлтээр заах эрх нь хуулиар нээлттэй байгаа. Тэгэхээр одоо сургалтын хөтөлбөрт байгаа шигээ орос хэлийг заавал судал гэдэг асуудал хуулийн зохицуулалтаар ирэх хичээлийн жилээс байхгүй болно.
Улсын хэмжээнд нийт 100 сургууль хэрэгжүүлж буй англи хэлний туршилтын хөтөлбөр амжилттай хэрэгжвэл ирэх жилээс үндсэн гадаад хэл болж ороод, бусад гадаад хэлийг сонгон суралцах юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.