АНУ-ын албаныхан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувийн нисэх онгоцыг хураан авчээ. Тодруулбал, тус нисэх онгоцыг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин худалдаж авсан гэж тогтоосны дараа Доминикан улсад байгааг нь илрүүлж, даваа гарагт АНУ-ын Флорида муж руу зөөвөрлөсөн байна.
Уг онгоц нь АНУ-ын Ерөнхийлөгчийн зорчдог "Air Force One" нисэх онгоцтой адил Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн төрийн айлчлалдаа ашигладаг агаарын тээврийн хэрэгсэл байсан гэж албаны хүмүүс тодорхойлсон юм.
АНУ-ын албан тушаалтан энэ явдлын талаар "CNN" агентлагт мэдээлэл өгөхдөө "Гадаад орны төрийн тэргүүний нисэх онгоцыг эрүүгийн хэргийн хүрээнд хурааж авсан нь урьд өмнө үзэгдэж харагдаагүй тохиолдол. Ингэснээр бид "Хэн ч хуулиас дээгүүр биш, хэн бугай ч АНУ-ын хориг арга хэмжээнээс мултрахгүй" гэсэн тодорхой мессежийг илгээж байна" хэмээжээ. Харин тус улсын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдэлдээ "Николас Мадуро болон түүний ойр дотны хүмүүсийг тээвэрлэх зорилгоор АНУ-аас 13 сая ам.доллароор хууль бусаар худалдан авч, нууцаар зөөвөрлөн гаргасан гэж сэжиглэж буй онгоцыг Хууль зүйн яам хураан авсан" гэсэн юм. Тэгвэл Венесуэлийн Засгийн газар энэхүү явдлыг "дээрэм" хэмээн мэдэгдэж, АНУ Мадурогийн Засгийн газар руу чиглэсэн "түрэмгийлэл"-ээ даамжруулж байна хэмээн буруушаав. Тус улсын албан ёсны мэдэгдэлд “АНУ эдийн засаг, цэргийн хүчээ ашиглан Доминикан зэрэг улсуудыг айлган сүрдүүлж, дарамтлан, гэмт үйлдлүүдийнхээ хамсаатан болгодог нь тодорхой болсон. Энэ удаагийн явдал бол олон улсын аливаа хуулийг үл тоомсорлож, хамгийн хүчтэй нь хууль тогтоодог тэдний "дүрэмд суурилсан дэг журам"-ын тод жишээ юм" хэмээжээ. АНУ-ын зүгээс Ерөнхийлөгч Мадурогийн Засгийн газар "хүртээмжтэй, шударга өрсөлдөөнтэй сонгууль" зохион байгуулаагүй гэж үзэн, энэ оны эхээр Венесуэлийн газрын тос, байгалийн хийн салбарт дахин хориг тавиад байгаа билээ.
Харин Николас Мадурог бусад 14 албан тушаалтны хамт хар тамхины наймаа, хар тамхины терроризм, авлигын хэрэгт буруутган, түүнийг баривчлах эсвэл яллахад хүргэсэн мэдээлэлд 15 сая ам.доллар хүртэлх мөнгөн шагнал амласан байна.
Эх сурвалж: CNN.COM
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.