2024 оны наймдугаар сарын 8-нд 16:43 минут орчимд Япон Улсын Миязаки мужийн Хюүганадад төвтэй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Долоон баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход дагалдах газар хөдлөлт нь анхны газар хөдлөлтийг давж найман баллаас дээших асар хүчтэй газар хөдлөлт болох тохиолдол хэдэн зуун удаад нэг удаа ойролцоогоор долоо хоногийн дотор тохиолдох магадлалтай ажээ.
Энэхүү газар хөдлөлт нь Япон Улсад ойрын ирээдүйд болж магадгүй гамшиг сүйрэл дагуулах асар том газар хөдлөлт “Нанкай Трап” /Nаnkai Trough/ газар хөдлөлтийн бүсийн захад болсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргав.
Японы Засгийн газраас газар хөдөлсөн бүс нутгийн эдийн засгийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийн сацуу гамшгийн тогтолцоог байнгын бэлэн байдалд оруулж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах аж. Түүнчлэн иргэдээс нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг саатуулах хуурамч мэдээлэл тараахгүй байхыг анхааруулсан байна.
Тус улсын Засгийн газраас гаргах Наnkai Trough газар хөдлөлттөй холбоотой сэрэмжлүүлэг нь “Хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил”, “Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил”, “Үнэлгээг дуусгавар болгосон” гэсэн гурван шаталбартай аж.
“Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” гэсэн хоёр дахь шаталбарын анхааруулгын үед иргэд юу хийвэл зохихыг хүргэе.
-Гэр бүлийн гишүүдээ хаана байгааг мэдэх. Газар хөдлөлтийн үед эрж сурагласнаас өмнө нь хаана байгааг мэдсэн байх нь чухал.
-Гамшгийн үеийн цүнх /шаардлагатай зүйлсийг хийсэн байх/, хамгаалалтын малгай зэргийг гэрийн үүд зэрэг гадагш авч гарахад хялбар газар бэлтгэж тавих.
-Тавилгаа хананд болон шаланд бөхлөх. /5 баллаас дээших газар хөдлөлтөд тавилга нурж унах эсвэл өндөрт буй эд зүйлс унаж, гэмтэл учруулах эрсдэлтэй/
-Цүнами болсон тохиолдолд хаашаа зугтах замыг гэр бүлтэйгээ урьдчилан тохирох
-Цахилгаан шатыг хэрэглэхээс зайлсхийх. 2-3 давхарт байдаг бол шатаар бууж байх
Японы Токаи, Тонанкай, Нанкай, Хюганонада гэсэн дөрвөн бүсийг нэгтгэн “Нанкай Трап мега-газар хөдлөлтийн бүс” гэж үздэг. Засгийн газрын дэргэдэх Газар хөдлөлт судалгааны хорооноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80 хувь гэж тооцоолжээ. Газар хөдлөлтийн төв нь Шизүокагийн Сүрүга булан, Кюүшюү орчмын далайн гүн байх бөгөөд газар хөдлөлтийн хамгийн их хүч Нагоя, Токүшимад долоон балл, Осака орчимд зургаа болон түүнээс дээш балл байх аж.
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.