Олимпын наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр “Mongolia House”-аар зочиллоо. Түүний хувьд “Парис 2024” зуны XXXIII олимпод Энэтхэг улсын баг, тамирчдыг дасгалжуулсан бөгөөд түүний шавь нар түүхэн амжилт гаргаж, хошой хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр:
-Анх удаа дасгалжуулагчаар оролцсон олимпын наадам минь байлаа. Энэ удаа Энэтхэгийн баг түүхэн амжилт үзүүлж чадсан. Тэр нь юу вэ гэхээр миний түүхтэй адилаар буудагч маань буудлагаар олимпын медаль авсан анхны эмэгтэй тамирчин болсон. Хүрэл медаль хүртсэн.
Тухайн тамирчин маань холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн болохоор нэг олимпын наадмаас хоёр медаль хүртсэн анхны Энэтхэг буудагч болж чадсан. Харин эрэгтэй буудагчийн маань хувьд анхны олимп нь байсан. Анхны олимпоосоо холимог багийн төрлөөр медаль авч чадсан.
Манай Монгол Улсын буудлагын баг тамирчид Австрийн Альпын нурууны тэнд маш сайхан уур амьсгалтай, тайван байдалд бэлтгэлээ хийгээд анхаарлаа төвлөрүүлээд энд ирсэн байна. Гурван тамирчнаас хоёр нь шигшээ наймд шалгарч, буудаж чадсан. Энэ бол цаашид амжилт гаргахад ойрхон байна гэсэн үг.
"Mongolia House"-д Есүгэн бид хоёр зочиллоо. Яг Монголдоо наадмын үеэр ирчихсэн байгаа мэт уур амьсгалтай сайхан байна. Монгол ахуйг сайхан танилцуулж байгаа юм байна. Энэ бол маш том алхам, маш том амжилт гэж хэлье. Яагаад гэхээр олимп бол эв санаа, эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Ялангуяа энэ жил олон орны иргэд аялах ямар улс байна вэ гэхээр Монгол Улс маань байна. Европчууд, газар газрын хүмүүс ирж, сонирхож байна. Соёлтой танилцаж байгааг нь харлаа. Сайхан байна. Олимп болгоноор "Mongolia House" гарч байхыг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.