Франц улсын Парис хотод олимпын наадамд оролцож буй Монголын жүдогийн шигшээ багийнхан "Монголиа Хаус"-д зочилж, хөгжөөн дэмжигчидтэй уулзжээ.
Энэ үеэр Монгол Улсаас Францад суугаа Элчин сайд У.Нямхүү тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Хөдөлмөрийн баатар, МУГД Ч.Насантогтох тэргүүтэй хүндэт зочид байлцав.
Мөн үеэр жүдо бөхийн тамирчдын олимпын наадмын сэтгэгдлийг сонссон юм.
Парис 2024 олимпын мөнгөн медальт, ОУХМ Б.Баасанхүү:
-Олимпын наадмын хамгийн эхний барилдаан дээр би хоёр удаа шидэж ялсан. Тэрийгээ бэлтгэл дээр байнга давтаж байсан. Тэр мэхээ рефлексээрээ хийж, оноо авсан. Японы тамирчинтай би 2022, 2023, 2024 онд гурван жил дараалан таарсан. Сая багш нартайгаа таллах, самбогийн мэх, итээгээр үнэлгээ авах төлөвлөлттэй гарсан ч санасандаа хүртэл мэхээ хийж чадаагүй.
-Парисын олимпоос ямар сургамж авав?
-Олимпод муу тамирчин гэж байхгүй. Улсаасаа шигшигдэж, шалгарсан гарсан хүмүүс. Тамирчид олимпын өмнөх Гранслам, Гранприд ордгоос тэс өөр болж орж ирдгийг ойлгож авлаа. Өмнө нь хоёр хожиж байсан тамирчин маань надтай бариддагаас шал өөр болоод ирснийг харлаа.
Тамирчин хүнийг чиглүүлж, зааж сургадаг хүмүүс бол багш нар. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхаа бүх багш нарт баярлалаа. Унасан ч, давсан ч "Миний охин мундаг байсан шүү" гэж хэлдэг аав, ээждээ баярлалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.