Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түгжрэлийг бууруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг ойртуулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах, гол дэд бүтцүүдийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Эхний ээлжид бид төрийн захиргааны төв байгууллагуудыг Богд уулын урд гаргах, улмаар Шинэ зуун мод хот руу чиглэсэн урсгалыг бий болгох таван төслийг танилцуулсан.
Туулын хурдны замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах тендерийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсрууллаа. Энэ оны наймдугаар сардаа багтаж тендерийг зарлана. Тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендерийг зарлах, түүнтэй холбоотой зардлыг төсвийн тодотголд тавих шийдвэр гаргалаа.
Төрийн захиргааны нэгдсэн цогцолборыг Кувейтын аманд барьж байгуулах замаар түгжрэлийг сааруулах, бүтээн байгуулалтыг тэлэх зорилго агуулж байна. Цаашлаад Богд уулын урд тал руу Зуун мод хот руу шинэ суурьшлын бүсийг тэлэх төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Мөн Метроны төслийн сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг аравдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Дүүжин тээвэртэй холбоотой төслийн барилга угсралтын ажил эхэлсэн. Нарийн бетон хийцлэлийг гадаадад үйлдвэрлэх ажил эхэлж, энэ ондоо авчирч угсрах бэлтгэл ажил хийгдэж байна.
Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна.
Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.