Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм.
Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өглөө. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 45 хувьтай үргэлжилж байна.
Тухайлбал, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 46.6 хувь, Геодези, усны барилга байгууламжийн газар 6 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 41 хувь, нийслэлийн Авто замын хөгжлийн газар 17 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 90.4 хувьтай үргэлжилж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж эхлээд буй. Уг ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай үргэлжилж байна. Мөн 2024 оны зуны засвараар 10 байршилд 3.6 км шугам сүлжээ болон бусад засварыг хийнэ. Өнөөдрийн байдлаар их, урсгал засварын ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан. Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэдгийг онцоллоо. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 53 агуулахад 50,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.