Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.
Хуультай холбогдуулан Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг нийслэл Улаанбаатар хотноо байнга мандуулж байх зарлиг буулгасныг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордууллаа.
Өнөөдөр тохиож байгаа “Төрийн далбааны өдөр”-өөр дээрх зарлигийн дагуу Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж, “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулж байх ёслол боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон Төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Ийнхүү өнөөдрөөс “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт 16х8 хэмжээтэй Төрийн далбаа байнга мандаж эхэллээ.
Ёслолд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцлоо.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дагуу Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд гардуулж өгөх боломжтой болсон юм.
Монгол Улс 2008 онд Төрийн далбааны өдөртэй болгохыг хуульчлан 2009 оноос хойш ёсчлон мандуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.