ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ.
Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамжийг үндэслэлтэй гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарыг ХААИС-ийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан байдаг. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.8-1.2 дахь хэсгийн “Төсвийн захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан”, 17.4-1-ийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байв. Энэ хоёр хүний төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хохирлын хэмжээг нэг мөр тогтоох ёстой, эд хөрөнгө завшсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, эсэхийг нарийвчлан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүгч үзсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.