Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж, казахаар нэрлэх болсон гэх хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол удирдан явуулаад гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх товыг тогтоолоо.
НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн 2002002110325 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны гуравдугаар сарын 29-нд хүлээн авч, талуудын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хийгээд, хавтаст хэрэгт цуглуулсан яллах, цагаатган нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх даваа гаргийн 11.00 цагт хийхээр болжээ.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэрээр сум, багийн болон газар орны нэрийг өөрчлөн, казах нэршил өгснийг 2020 оны өвөл хууль сахиулагчид тогтоосон байдаг. Эл хэрэгт 2016 оноос хойш Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргаар ажиллаж байсан, хэдхэн хоногийн өмнө болсон УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн Д.Бауыржан, 2016-2020 онд тус аймгийн Засаг дарга байсан, АТҮТ-ийн дэд дарга зэрэг албан тушаал хашсан А.Гылымхан, Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч П.Есболат гэсэн 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16-1-ийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.