СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-02

Эргэцүүлэн бодож эргэн харах зарим асуудал

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
2 сарын өмнө

Улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг дээдэлж, өвгөд дээдсийнхээ үг сургаалыг нь дагаж хүндэлдэг, хар цагаан хэл амнаас холуур өнгөрөхийг хичээдэг, үр хүүхдээ хөдөлмөрийн чиг баримжаатай болгож, зөв боловсон хүмүүжүүлэхийг эрмэлздэг, бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэхээс зайлсхийдэг манай сайхан уламжлал өдөр өдрөөр алсарсаар байгаад харамсах ч багадна.

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь хүн бүрийн эрхэм дээд үүрэг хэдий ч аливаа хүний эрх, эрх чөлөө нь улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг бүхий л түвшинд бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрч мөрдлөг болгохгүй байна. Үүнээс үүдэн өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн үнэт өвүүд бүдгэрсээр байна. Нэг үгээр хэлбэл хүний эрх, эрх чөлөө гэдгийг хязгааргүй хэмээн эндүүрч түүндээ бялуурсан этгээдүүд, ялангуяа залуу хойч үе маань монголынхоо үнэт өв уламлалаас хөндийрсээр байгааг анхаарч залруулж эхлэхгүй бол монгол хүний уугуул чанар бүдгэрэхийн сацуу хожимын төсөөлж барамгүй хар үр дагаварт хүргэх аюул ойрхон байна.

. Заримдаа энэ хандлага Улсын Их Хурлын танхимаас ч сонсогдох болов. Тэдний зарим нь хожмын муу үр дагаврыг нь мэдэхгүйгээр ийм үйлдэл хийдэг ч, зарим нь  тэр дундаа өөрийгөө боловсролтой хэмээн дэвэргэгч нар мэдсээр байж хожимын хор уршигтай зүйлийн талаар ичгүүр сонжуургүй, ил задгай бурахыг тэвчихийн аргагүй.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тус улсын тусгаар тогтнол бүрэн эрх, халдашгүй дархан байх анхдагч нөхцөл нь хоёр хөрштэйгээ эрх тэгш, найрсаг харилцаатай байхыг хамгийн чухал хэмээн үзсэн байдаг. Түүний зэрэгцээ гуравдагч хөршийн харилцааны асуудал ч уг баримт бичигт зохих байр сууриа эзэлсэн буй. Эндээс хөрш орнуудтай харилцах найрсаг харилцааг бусад улс орнуудтай харилцах асуудлын доогуур эрэмблэхгүй байх нь юу юунаас чухал. Хөрш орнуудтайгаа баримтлах найрсаг харилцааны асуудлыг бусад улс орнуудтай харилцах асуудлын дээгүүр эрэмблэж байх талаар зөвхөн төрийн зүтгэлтнүүд санаагаа чилээх төдий бус энгийн иргэн бид ч бодолтой байх нь дээр.

Гэтэл улс орныхоо дээд эрх ашгийг эс тооцон гадаад улс орнуудын хоорондын харилцаа, дайн байлдааны асуудлаар хэрээ мэдэхгүй бахиралдах нь бидэнд өөрсдөд маань эргээд таагүй нөлөөлөх магадлалтай.  Энэ асуудлаар зөвхөн дипломат шугмаар байр сууриа илүү бодлогын хүрээнд илэрхийлж байх нь бидэнд өлзийтэй.

Тухайлбал8 ОХУ Украйнд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа үндсэн шалтгаан нь орос үндэстэй Украйны харъяатуудаа өмөөрсөн агуулгатай байсан. Нөгөө талаар Украйны нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн бааз байгуулагдахаас сэргийлж байна гэж мэдэгдсэн. Энэ бол ОХУ-ын л өөрийнх нь асуудал. Монголчууд бид ч Өвөр монголд сургуулийн хөтөлбөрөөс монгол бичгийг хаслаа гээд үндэс нэгтнийгээ өмөөрч дуу хоолойгоо өргөж байсантай агаар нэг асуудал.

Манайханд холын америктай болон хоёр хөрштэй харилцах асуудалд ялгаатай хандах мянган шалтгаан буй.

Дэлхийн аль ч улс орон  хөрш зэргэлдээ байсан ч өөрийн улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавих нь ойлгомжтой байтал ОХУ манайхыг эрчим хүч, түлшээр хяхан боох бодлого барьж байна гээд дургуйцэж буй хүн цөөнгүй. Үүнд дургүйцээд бухимдаад байх хэрэгггүй. Тэр бол тэднй гадаад бодлогын илрэл. Харин бидний сонгож томилсон эрх мэдэлтнүүд тэр бодлогыг нь зөөлрүүлэх, улс үнтэстнийхээ эрх ашгийг хамгаалах Монгол Улсын төрийн бодлогын явцыг урагшлуулах алхам хийж чадаж буй эсэхэд л анхаарлаа хандуулж, дэмжих цагтаа дэмжиж, шүүмжлэхээ ч шүүмжилж засч байх учиртай.

Эгийн голын усан цахилгаан станц, Нефтийн үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг асуудлаар хөрш ОХУ-тай зөвшилцөлд хүрэх нь чухал болохоос тэдний байр суурийг үл хүндэтгэх нь угаасаа утгагүй. Хоёр улсын хооронд байтугай, хоёр хүний хооронд ч нэг асуудлаар ялгаатай байр суурь илэрхийлэгдэхийг бүрэн хүлээн зөвшөөрдөгтэйгээ адил, тийм ялгаатай байр суурийг ойртуулах оролдлого хийх нь учрыг нь олоогүй байж орилж хашгирахаас хол илүү үр дүнтэй.

Нэгэн үед манай улс 1920-иод онд ЗХУ-ыг бус, барууны аль нэг улсын колони байсан бол хамаагүй өндөр хөгжилтэй улс болох байсан гэж нэг биш хүн ярьж байхыг өөрийн чихээр сонсож байлаа. Гэтэл АНУ ч бай, бусад улс ч бай аль нэг улсыг хөгжүүлэх бус, өнгөтэй өөдтэйг нь цөлмөх бодлого явуулдгийг дэлхийн олон улс орны бодит амьдрал бэлхнээ харуулдаг. Тэдний хажууд манайх хөгжлийн харанхуй хоцрогдлоос эрхбиш боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл урлаг, шинжлэх ухаан, биеийн тамир спортын салбартаа үсрэлт хийж чадсан, эрчим хүч, аж үйлдвэр, эрдэс баялагийн салбарт тодорхой дэвшилд хүрсэн улс болсон гэдгийг мэддэг нь дэмжих байх, мэддэггүй нь эсэргүүцэх биз. Гэхдээ л энэ бол бодит үнэн.

Африк тивийн ихэнх орнууд барууны улс орнуудын колони байсан ч хөгжлөөр дорой хэвээрээ үлдэж иргэд нь эрх чөлөө гэсэн хоосон үгэнд хадуурч, зарим олигархууд нь төр барих, хязгааргүй баяжих  дон тусч одоог хүртэл хөл гараа олж хөгжиж чадахгүй л байна. Манай залуучуудын цөөнгүй нь дээдлэн шүтдэг АНУ нь Африк тивээс Либери гэх ганцхан улсыг колончилдог байсан. Энэ Улс 1970-аад онд тусгаар тогтносон ч одоог хүртэл дэлхийн хамгийн ядуу цөөхөн орны тоонд багтаж байна. Үүнээс үзвэл энэ дэлхийн хамгийн баян улс гэгдэх АНУ ч бусдад өөрийнхөө бодлогыг тулгахаас биш хөгжлийг нь дэмждэггүй гэдэг нь харагдаж байна. Үүнийг дурдахдаа би АНУ-д таагүй ханддагтаа бус, холын америк манай улсыг бидний өөрсдийн хичээл чармайлтгүйгээр хөгжүүлээд өгөхгүй гэдгийг илэрхийлээд байгаа юм.

Гадны улс орнуудад өрнөж буй бидэнд үл хамаарах асуудлаар хөдөлгөөн өрнүүлэн эсэргүүцлээ илэрхийлэх нь Монгол Улсын гадаад улстай харилцах харилцаанд сэв суулгана уу гэхээс сайн юманд хүргэхгүй гээр үл барам Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэд харшлах асуудал гэдгийг ухаарах хэрэгтэй.

Иймээс аль нэг улс оронд хэт давуу байдал олгож найр тавих, эсвэл аль нэг улс орныг эсэргүүцэх, дутуу үнэлж, үл тоож хандах бус, харилцан ашигтай хамтын ажиллагаанд шүтэх нь чухал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд батлан иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд төрийн дээд түвшний удирдлагаас эхлээд зарим алдаа завхрал гаргасны улмаас ардчиллын зарим үнэт зүйл бүдгэрэх хандлага ажиглагдах болов. Юуны түрүүнд намчирхан хуваагдах үйл явц дэндүү газар авч, үзэл бодлоороо ялгарахаас хальж, гэр бүлийн хүрээнд хүртэл хагаралдаж сонгуулийн компанит ажлын явцад хүний амь эрсдэх хүртлээ даамжирлаа. Үүний гол буруутан нь Үндсэн хуулийнхаа суурь зарчим, үндсэн үзэл баримтлалыг төгс утгаар нь ойлгож, хууль  тогтоомжоор батлгаажуулахгүй байгаа үе үеийн парламент, улс төрийн намууд гэж үзнэ.

Тухайлбал Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тогтоосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухай нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заасан.  Энэ бол нутгийн өөрийн удирдлах байгууллага нь Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурал байх бөгөөд орон нутгийн бие даасан байдлыг тодорхой түвшинд илэрхийлж байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол Иргэдийн байгууллага учраас улс төрийн намаас үүсэлтэй байх уу, иргэдээс  үүсэлтэй байх уу гэдгийг эргэн харах шаардлага байдаг. Үндсэн хуулийн агуулгаар бол Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлыг улс төрийн намын оролцоогүйгээр иргэд өөрсдөө байгуулах Үндсэн хуулиар тогтоосон үндэстэй.

Улсын эдийн засаг нэг үеэ бодвол өөдөлж байна. Үүнтэй харьцуулбал хөдөлмөрийн үнэлэмж олигтой өсөхгүй байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхгүй бол ажиллах хүчийг эх орондоо барьж үлдээхэд хүндрэлтэй болох дүр зураг улам бүр тодорсоор. Дээр нь Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэвэл татварын дарамтыг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдана. Манайд нэмэгдсэн өтгийн албан татварыг эрс бууруулж, түүний буцаан олголтын хувь хэмжээг өсгөх цаг нь болж байгаа санагдах юм. Нарийн судалж тооцож үзэх юм бол бусад төрлийн татвараас ч заримыг нь бууруулах нөөц байх шиг. Ингэж зоригтой алхам эс хийвээс үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхэд  тодорхой бэрхшээл тулгарах янзтай, түүнчлэн ажиллах хүчийг ч эх орондоо үлдээхэд ч төвөгтэй болохоор байна.

Нийгмийн халамжийг хэт хавтгайруулсанаа эргэн харж, зөвхөн зорилтот бүлэгтээ чиглүүлж оновчтой тогтоохгүй бол хүүхдийн болон халамжийн мөнгөөрөө амьдралаа аргацаадаг томоохон давхарга үүсээд байна. Энд би хүүхдийн мөнгийг хас, тана гээгүй, олгох зарчмыг нь зөв тодорхой болгох тухай л ярьж байна.  Иймээс  нийгмийн халамжийн хууль тогтоомжоо яаралтай эргэн харж, зөв зүгт  нь залах үүрэг эрх баригчдад ногдож байгааг анхаарах цаг нь болжээ. Зарим нэг хууль тогтоомжоор ялгаварлал үүсгэсэнээ ч эргэн харах цаг нь болсон байна. Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор нийгмийн даатгалд даатгуулсан эхчүүдийн нэг жилийг 1,5 жилээр тооцуулах боломжийг бүрдүүлсэн ч уг хууль хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээс өмнө нь тэтгэврээ тогтоолгосон эхчүүдийг хамруулахгүй ялгаварласныг яаралтай залруулах шаардлагатай байна.

Улстөрийг хэт шүтэх хандлага юунаас эхтэй вэ? Бизнесийн боломжийг улстөрч болж эрх мэдлийнхээ сүр хүчээр бусдаас өрсөж олж авах, хөрөнгөжих гэсэн зарим хүмүүсийн атгаг шуналтай холбохоос өөр аргагүй байна. Зарим нь бүр “Та гэрээ засч чадсан уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “гишүүн болж байгаад гэрээ засна” гэж хариулж байгаагаар л энэхүү асуултын хариулт аяндаа гарч ирж байна. Улсын Их Хуралд нэр дэвшигчдэд одоогийнхоос илүү өндөр  шаардлагыг тавихаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах эр зориг Улсын Их Хурлын гишүүдээс гарах ёстой.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж, түүний дархлааг алдагдуулах хандлага ажиглагдах болов. Тэр ч бүү хэл зарим эрх мэдэлтэй хүний амнаас  Үндсэн хуулийн заалтыг унтуулах тухай ч цухалзаж байна.. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд туйлын болгоомжтой, урьд өмнө нь тогтоосон сайн жишгийг үлгэр болгон долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг тууштай баритлах учиртай. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуульд ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт орууллаа. Заримдаа бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж өөрчлөлт оруулсан тохиодол ч байгаа. Үндсэн хуульд 2022, 2023 онд оруулсан өөрчлөлтүүд нэг л хөнгөн маягаар Засгийн газрын шахалтаар явчих шиг боллоо. Зарим үед Үндсэн хуулийн цэцийн дэм ч ороод явчих шиг болсон. Цаашид ч Үндсэн хуулийг шинэчлэх, өөрчлөх асуудал өндөр түвшний сэнтийтний амнаас унасаар байна. Үндсэн хуулиа өөрчлөх дон тусч, олон янзаар тайлбарлаж эхэлсэн улс орнуудад л Үндсэн хуульдаа ойр ойрхон халдаж, улмаар улс орондоо үймээн самуун дэгдээж, хөгжлөө сааруулж, иргэдээ ядуурлын гүнзгий ангал руу түлхэн унагасан  жишээ цөөнгүй гэдгийг эргэн сануулахад илүүдэхгүй биз. Одоо цагт

     СУДЛААЧ    ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.