Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын харьяа хоёр ч байгууллагынх нь ажилтан ажлаа хийж байгаад ухаан алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдэж, нөгөө нь таалал төгсжээ.
Тус газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн цалингийн нягтлан бодогч С.Д гэх эмэгтэй ажлын өрөөндөө ухаан алдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барав. Уг нь тэрбээр нэг өрөөнд суудаг, тус газарт олон жил ажиллаж буй нягтлан бодогчдоо “Хүзүү хөшөөд, бие эвгүй байна” хэмээн хэлж байсан аж. Гэвч тухайн хүн нь үл ойшоосных уу, эсвэл ажилдаа дарагдаад анзаараагүй юү, ухаан алдан, ширээгээ мөргөн унах үед нь бусдад мэдэгдсэн тухай ИНЕГ, Иргэний нисэхийн үндэсний төвийнхөн ярьж буй юм.
Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө ИНЕГ-ын харьяа дээрх төвийн бүтцэд багтдаг Аюулгүй байдал, хамгаалалтын албаны шалгагч Н гэх эмэгтэй мөн л ажлын байран дээрээ ухаан алдаад, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
ИНЕГ болон тус төвийнхөн эл харамсалтай хоёр явдлыг ажилтнуудын ажлын ачаалал хэт их байгаатай холбон ярьж буй. Өөрөөр хэлбэл, “ИНЕГ-ын удирдлага нь “хурган” дарга нарын тоог нэмэхээс бус, мэргэжлийн ажилтнууддаа анхаараагүй нь жирийн албан хаагчдын ажлын ачаалал өсөж, нойр, хоол, эрүүл мэндээ умартан ажиллахад хүргэж байна. Үүнээс болж ийм харамсалтай явдлууд шил шилээ даран гарах боллоо” хэмээн ярьцгааж байгаа юм. Уг нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанд эмч нар ажилладаг ч дээрх хоёр ажилтандаа цаг тухайд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж чадсан уу гэдэгт ч зарим албан хаагчид нь эргэлзэж байгаа юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.