Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаарх 2024 оны УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг танилцуулав. Түүнчлэн сонгуультай холбоотой зөрчил мэдээллийг албаны хүмүүс өгсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 50.6 хувьд хүрчээ. Тодруулбал эрэгтэй сонгогчдын 48 хувь, эмэгтэй сонгогчдын 54 хувь нь саналаа өгөөд байна. Насны хувьд 70-аас дээш насныхны ирц 80 хувьд хүрээд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 31 хувьтай байна.
УИХ-ын сонгууль улс орон даяар зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан 12 мянган цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Санал авах байрны хамгаалалтад гарах, гэмт хэрэг, зөрчил хянан шалгаж байна. Нийслэлд 79, орон нутагт 51 дуудлага бүртгэгдээд байна. Нийт гэмт хэргийн шинжтэй 420 гомдол мэдээллээс 259 нь нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл түгээж байгаа бол 83 нь сонгуулийн ажилд саад болсон гэх мэдээлэл байна. Харин 100 нь хуульд зааснаас өөр аргаар сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх дуудлага эзэлж байна.
СЕХ-ноос болон аймаг дүүргүүдэд шуурхай бүлэг ажиллаж байна. Улсын хэмжээнд долоон санал тоолох төхөөрөмж бохирдсоноос сольж байршуулсан. Нийт 154 нөөц төхөөрөмжөөс долоог нь ашиглаад байна. Зөрчил маргаантай холбоотой гомдол ирж байна. Олон нийтийн сүлжээнд нийслэлийн Тавдугаар сургуульд байрлах хэргийн хороонд санал тоолох төхөөрөмж задалсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу шалгахад хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон гэдгийг албаныхан хэлэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Цагдаагийн байгууллагад 130 гомдол ирсэн. Үүнд, мөнгө тараасан, бусдыг санал өгөх уриалсан, санал авах хуудасны зураг авсан гэх мэт. Аливаа гомдол мэдээллийг шалгаад шууд бодитой, үнэн худлыг нь тогтоох боломжгүй. Иргэн хуулийн этгээдээс бүх хэлбэрээр ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн машинд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагуудаас хариу тайлбарыг гаргасан. Нэр дэвшигчийн гэр, машинд ямар ч нэгжлэг хийгээгүй. Хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.