Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:
-Төрийн сонгуульд нөлөөлсөн үйлдлүүд гарч байна. Тухайлбал Орхон аймагт цэргийн албан хаагчдыг тухайлсан нэр дэвшигчийг дугуйл гэдэг үүрэг өгсөн байна. Энэ асуудлыг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Хэсгийн хорооны дарга нар иргэдэд нөлөөлөх байдал түгээмэл гарч ирж байгаа гэдэг мэдээлэл байна. Түүнчлэн сонгуульд мөнгө тараасан зөрчлийг 18:00 цагт зарлана.
МАН-аас 10-р тойрогт нэр дэвшигч Г.Дашням гэхэд санал авах байран дээр скүүтерүүдээ маш ихээр байрлуулж байна. Энэ нь санал татах арга. Зөөврийн санал авахдаа Өвөрхангай аймагт үнэгүй эд зүйлс өгсөн зөрчил гарсан. Хуулийн байгууллагад манай намаас хандсан байгаа.
Түүнчлэн Ардчилсан намын ажиглагчдыг дуу, дүрс, бичлэг хийлгэхгүй гэж байна. Уг нь баримтжуулах хуулийн зохицуулалт бий. УИХ-ын 4-р тойрог буюу Хөвсгөл дээр зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ы хоёр гишүүнийг заавал дугуйл гэсэн байна. Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагад тус асуудал шалгагдаж байна.
Улаанбаатар хотын нийт саналын байрууд дээр хэсгийн ахлагч нар зогсоод "Заавал МАН-ыг дэмжинэ шүү" гэж байна. Мөн мөнгө тараалт замбараагаа алдсан. Бид баримтжуулсан. Гомдол гаргасан байгаа. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол гарч байна.
Чингэлтэй дүүрэгт санал өгч байгаа иргэнд нөлөөлж байгаа үйлдлүүд гарч байна. Зөөврийн саналын хайрцгаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан.
Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарсан байна. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна. Иймэрхүү гомдол мэдээлэл ирээд байна.
Тарааж байгаа бол танд очвол аваарай. Харин хэнд саналаа өгөхөө өөрөө мэдээрэй. Хэн ч таныг хэнд саналаа өгснийг мэдэхгүй шүү. 18:00 цагт хэн мөнгө тараасныг илчлэх болно.
Бид нэр дэвшигч нартайгаа хариуцлагын гэрээ байгуулсан. Үүнд холбогдох журмын дагуу шударгаар өрсөлдөхөөр мэдэгдсэн. Ардчилсан нам мөнгө тараасан тохиолдол гарахгүй. Гарсан тохиолдолд нэр татах, хууль, гэрээний дагуу хариуцлага тооцно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.